
БНХАУ-ын нийслэл Бээжинд энэ сарын 1-нээс дрон худалдахыг хориглож, дрон нисгэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг болжээ.
Шинэ журмын дагуу Бээжин хотод дрон, дроны сэлбэг хэрэгслийг борлуулах, түрээслэхийг хориглосон ба дрон эзэмшигчид цагдаагийн газарт очиж дроноо бүртгүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн иргэд Бээжин хот руу орохдоо мөн Бээжин хотоос гарахдаа дроноо бүртгүүлэх, дроноо засварын газарт өгсөн тохиолдолд дроноо засварын газраас өөрийн биеэр очиж авах ёстой болж байгаа аж.
Бээжин хотын гадаа дрон нисгэх бол заавал тусгай зөвшөөрөл авч, дрон эзэмшигч нь цахимаар сургалтад сууж, дүрмийн шалгалт өгч, тэнцэх ёстой аж. Түүнээс гадна Бээжин хотод дроныг зөвхөн тусгай зөвшөөрлөөр терроризмын болон гамшгийн эсрэг ажиллагаанд ашиглах зорилгоор худалдан авч, хадгалах боломжтой аж.
Агаарын нам доор зайн эдийн засаг нь БНХАУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой салбар бөгөөд Хятадын эрх баригчид агаарын нам доор зайд зорчдог дрон, агаарын такси зэрэг нисдэг төхөөрөмж, техникийн ачаар 2035 он гэхэд 2 их наяд юанийн ашиг орлого олно гэж тооцоолоод байгаа аж.
Өнөөдөр Хятадын зарим хотуудад дроныг хоол хүргэлт, хөдөө аж ахуй, газар тариалан, цэвэрлэгээнд тогтмол ашиглаж, Хятадын компаниуд олон улсын дроны зах зээлд тэргүүлсээр байгаа ч сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид дроны борлуулалт, ашиглалтад тавих хяналтуудаа чангатгасаар байна. Шинэ журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дроны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч DJI компанийн Бээжин дэх дэлгүүрүүд дронуудаа лангуун дээрээсээ хураахад хүрчээ.







