
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгад 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурвал “Бодь”-ийн оффтейк гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулагдах учиртай. Одоогоор 15 орчим гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан гэх. Түр хороо байгуулах энэхүү санаачилгад гарын үсэг зурах эсэхийг Ч.Лодойсамбуу гишүүнээс тодрууллаа.
-УИХ бүх юмыг хянан шалгаад, шүүх хурал шиг болчихлоо. Буруу биш. Хэрвээ асуудал байвал ярих ёстой. Энэ хууль хяналтын байгууллага нь хааччихсан юм бэ. Яг урдах урдхаа хиймээр байна. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал багатай. Хэлэлцэж байгаа нь хулгай. Нэг нам олон жил төр барихаар өтөндөө идэгдээд дуусдаг юм байна. Өтийг нь түүдэг ажил руу бүгдээрээ ханцуй шамлаад ормооргүй байна. Төрийн ажлаа хийцгээмээр байна. Нөгөө татвар, нийгмийн даатгалын асуудлууд яасан бэ. Би гишүүдтэй нийлж өргөн бариад, жил гаруй болж байна шүү дээ. Энийгээ хэлэлцмээр байна. Минийхийг баталдаггүй юмаа гэхэд өөрсдөө татвар, нийгмийн даатгалын хуулийн төсөл хурдан оруулаад ирээч ээ. МАН-ынхан байлдаантай кино хийгээд, тэрэндээ итгэчхээд байна. Хоорондын байлдаан чинь яах вэ. Ард түмэн чинь ажил хийж болохгүй байна. Ажил хийгээд авсан цалин нь хүрэхгүй байна. Хулгай зэлгийгээ хууль хяналтын байгууллага нь яриад, эрх барьж байгаа нам нь дотооддоо хариуцлагаа яриад, төр нь ажлаа хиймээр байна шүү дээ. Хэн нэгнийг л шоронд хийхийг хүлээгээд суугаад байгаа юм биш шүү дээ, ард түмэн чинь. Нуруун дээр нь байгаа ачааг нь жаахан хөнгөлөөд өгөөч.
Энэ улсад чинь ажил хийж болох юм уу, болохгүй юм уу. Байгууллагууд чинь цалингаа нэмж болох юм уу болохгүй юм уу. Өрхийн амьжиргааг сайжруулах юм уу, сайжруулахгүй юм уу. Сайжруулах юм бол яаж?
Татварын бодлогууд нь хааччихсан бэ. Нийгмийн даатгалын бодлогууд нь хаана байна вэ, Ерөнхий сайдаа. Юун баахан хяналт шалгалт, сонсгол вэ.
-Та тэгэхээр түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжихгүй гэсэн үг үү?
-Тэгээд байгуулна л биз дээ.
-Бичигт гарын үсэг зурахгүй гэсэн үг үү?
-Би ер нь баргийн гарын үсэг зурдаггүй. Миний юманд зурдаггүй учраас…
-Гомдоод уу?
-Гомдох биш. Ер нь хүн юм болгон руу савчаад, савсаганаад байж болохгүй. Би УИХ-д орж ирээд сахилга хариуцлага, нийгмийн даатгал, татвар, хүний эрх, парламентын засаглал, ардчилал ярьсан. Энийгээ л би бариад явна. Сонсгол хийх бол Харбиныг ч сонсох хэрэгтэй. Сонсмоор бол бүгдийг нь сонс л доо. Хамгийн гол нь төрийн ажлаа битгий хаяач ээ.







