
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалыг нэр дэвшүүлж, танилцуулгыг хуралдаан даргалагч уншиж танилцууллаа.
Нэр дэвшигч Хүрэлбаатарын Баасанжаргал нь 2004 онд Их Засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2009 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2006 онд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.
2009-2011 онд “Сувд партнерс” хууль зүйн фирмд өмгөөлөгч, 2010-2011 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд сургагч багш, 2011-2013 онд “Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч, 2013-2019 онд өмгөөллийн “И Эл Си” ХХН-ийн гишүүн, ахлах хуульч, 2020 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-д өмгөөлөл, нөлөөллийн зохицуулагч, 2022 оноос “Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэв.
Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, байгаль орчинтой холбоотой хүний эрхийн асуудлыг орхигдуулахгүй байх, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, өөрийн хүсэлтээр дэд хорооны даргын албыг өгч байгаа гэдгийг зөв ойлгох, хамтран ажилласан бүрэлдэхүүнд талархаж буйгаа, хүний эрхийн хэлэлцүүлгүүдээр хөндсөн асуудлуудыг тууштай үргэлжлүүлэн шийдвэрлүүлэх талаар байр суурь илэрхийллээ.
Ийн хэлэлцээд, санал хураалт явуулахад, Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалыг сонгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжлээ.








