
Их Богд хайрхны төрийн тахилга ирэх сарын 3-нд болно
Төрийн тахилгатай уул хайрхныг таван жилд нэг удаа тахидаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд “Их Богд” хайрхны тэнгэрийг тайх ёслол 2026 онызургаадугаар сарын 03-нд болох аж. Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Ихбогд хайрхан уулыг төрийн тахилгатай болгосон.
Их Богд хайрхан нь Говь-Алтай нурууны баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон нуруу бөгөөд ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр. Мөн салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг билээ.








