
Польшийн инфлүүсэр хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд зориулан 69 сая ам.доллар цуглуулжээ
Latwogang нэрээрээ алдартай Польшийн инфлүүсэр Петр Ханке YouTube платформ дээр 9 өдрийн турш тасралтгүй livestream хийж, хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд зориулан 69 сая ам.доллар цуглуулжээ. Энэ сарын 17-ноос 26-ныг дуустал үргэлжилсэн уг livestream-ийн үеэр Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин, хөлбөмбөгийн Arsenal клубийн хаалгач асан Войцех Щенсны, Испанийн хөлбөмбөгийн од Ламин Ямал нар Latwogang-тай видео дуудлага хийж, Польшийн Хавдартай Тэмцэгчдийн сангийн төлөө хийж буй сайн үйлийг нь дэмжиж буйгаа илэрхийлэн, иргэдийг хандивт нэгдэхийг уриалжээ.
23 настай Latwogang шууд дамжуулалтынхаа турш Польшийн реппер Bedoes-н хавдартай тэмцэж буй хүүхэдтэй хамтран дуулсан дисс трэкийг тасралтгүй сонсгож, Barcelona клубийн довтлогч Роберт Левандовски уг дуун дээр бүжиглэж буй бичлэгээ TikTok-т нийтэлжээ. Тэрээр Latwogang-н шууд дамжуулалт дууссаны дараа өөрийн Instagram хуудсандаа Польш хүн гэдгээрээ бахархаж байна хэмээн бичжээ.
Latwogang-н шууд дамжуулалтад оролцсон Польшийн зарим алдартнууд, Latwogang-н адилаар хавдартай тэмцэж буй хүмүүсийг дэмжин үсээ хуссан ба Latwogang-н шууд дамжуулалтыг 1.4 сая хүн нэгэн зэрэг үзэж, рекорд тогтоожээ. Latwogang Францад 2025 оны 9-р сард Францын инфлүүсерүүдийн шууд дамжуулалтаар сайн үйлсийн төлөө цуглуулсан мөнгөнөөс 3 дахин их мөнгийг цуглуулж чаджээ.
Польшийн Хавдартай Тэмцэгчдийн сан цугласан мөнгөний зарцуулалтыг ил тод мэдээлэх үүднээс тусдаа сайт нээсэн байна. Ингэснээр хандив өгсөн хүн бүр хандивын мөнгө нь хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд хэрхэх бодит тусламж болж хүрч байгааг харах боломжтой болно гэжээ.








