
Монгол Улс Казахстанаас жилд нэг сая тонн буюу ойролцоогоор 7.3 сая баррель газрын тос импортлох чиглэлээр тохиролцсон нь эрчим хүчний салбарт стратегийн шинэ хөдөлгөөн болж байна. Энэхүү тохиролцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшний айлчлалын үеэр байгуулагдсан салбар хоорондын санамж бичигт туссан бөгөөд одоогоор шууд нийлүүлэлт эхэлсэн гэрээ бус, харин хамтын ажиллагааны суурь нөхцөлийг бүрдүүлсэн улс төр, эдийн засгийн дохио юм.
Монгол Улс жилд 2,5 сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 97%-ийг ОХУ, үлдсэн хээсгийг БНХАУ-аас импортлодог. Шатахууны хэрэглээгээ 100% импортоор хангадаг, тэр дундаа нэг улсын хамааралд гүн орсон бүтэцтэй хэвээр байна. Импортын дийлэнхийг ОХУ-аас авдаг нь нийлүүлэлтийн тогтвортой байдал, үнийн хэлбэлзэл, геополитикийн эрсдэлд эмзэг байдал үүсгэсээр ирсэн. Ийм нөхцөлд Казахстантай хийж буй энэхүү тохиролцоо нь нийлүүлэлтийг төрөлжүүлэх анхны бодит алхам гэж үзэж болно.
Казахстан бол газрын тосны нөөц, олборлолтоороо бүс нутагтаа тэргүүлэгчдийн нэг. Нийлүүлэх хүчин чадлын хувьд Монголын хэрэгцээг хангах боломжтой түнш. Гэхдээ асуудал зөвхөн нөөц дээр тогтохгүй. Хамгийн том асуулт бол тээвэр, логистик. Казахстанаас Монгол руу шууд дамжуулах хоолой байхгүй, төмөр зам, авто замын сүлжээ нь гуравдагч орноор дамжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Казахстанаас нефть авлаа ч ОХУ эсвэл БНХАУ-ын газар нутгаар дамжин өнгөрөхөөс зайлсхийх боломжгүй хэвээр байна. Энэ нь хараат байдлыг бууруулах оролдлого тодорхой хэмжээнд дахин геополитикийн тойрогт буцаан оруулж болзошгүй.
Үнэ мөн адил том сорилт. Одоогийн нөхцөлд ОХУ-аас нийлүүлж буй шатахуун логистикийн хувьд хамгийн хямд, дэд бүтэц нь бүрэн бүрдсэн. Харин Казахстанаас нийлүүлэх бүтээгдэхүүний хувьд тээврийн зардал нэмэгдэж, эцсийн үнэ өсөх магадлал өндөр. Тиймээс энэхүү тохиролцоо бодит хэрэгжилтэд шилжих эсэх нь зөвхөн улс төрийн шийдвэрээс бус, зах зээлийн бодит нөхцөлөөс шууд хамаарна.
Нөгөө талаас, энэ хамтын ажиллагаа зөвхөн импортын асуудлаар хязгаарлагдахгүй. Хайгуул, олборлолт, тээвэр, цаашлаад газрын тос боловсруулах салбарт хамтрах боломжийг нээж байгаа нь урт хугацаанд илүү гүнзгий өөрчлөлт авчрах потенциалтай. Хэрэв Монгол Улс дотооддоо боловсруулах үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулж, олон эх үүсвэрээс түүхий тос татан авах боломж бүрдвэл өнөөгийн бүтцийн хамаарал бодитоор суларна.
Гэсэн ч өнөөдрийн байдлаар энэ бүхэн боломжийн түвшинд яригдаж байна. Санамж бичиг нь бодит нийлүүлэлтийн баталгаа биш. Үүний дараа арилжааны гэрээ, тээврийн маршрут, үнийн нөхцөл, дэд бүтцийн шийдлүүдийг нэг бүрчлэн тохирох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Казахстанаас нефть авна гэдэг нь шийдэгдсэн асуудал биш, харин эхэлж буй процесс юм.
Эцэст нь, энэ тохиролцоо нь Монголын эрчим хүчний бодлогын чиглэлийг тодорхойлж байна. Нэг нийлүүлэгчээс хараат байдлыг багасгах, эрсдэлийг тараах, геополитикийн савлагаанд тэсвэртэй болох оролдлого бодит хэлбэрт орж эхэллээ. Гэхдээ энэ бол шийдэл биш, харин сонголт. Харин тэр сонголтыг бодит болгох эсэх нь Монгол Улсын дотоод бодлого, бүс нутгийн геополитик, эдийн засгийн тооцооллоос шалтгаална.








