
“Алтан аргамж”-ийн сэргэлт
Их эзэн Чингис хааны “Алтан аргамж”-ийн бодлого нь зөвхөн дипломат харилцааны түүхэн нэр томьёо бус, Монголын эзэнт гүрнийг дөрвөн зүг, найман зовхист холбосон стратегийн гүүр, мэдээллийн нэгдсэн сүлжээ байсан юм. Өнөөдөр энэхүү өвөг дээдсийн сод ухаан нь даяаршсан ертөнцийн мэдээлэл, эдийн засаг, технологийн сүлжээнд Монгол Улс хэрхэн ухаалгаар байрших вэ гэдэг үндэсний аюулгүй байдал, хөгжлийн стратегийн сонголт болон хувирч байна.
- “Гуравдагч хөрш”-ийн бодлого
Чингис хаан “Алтан аргамж”-ийн бодлогоороо дамжуулан зөвхөн ойрын хөршүүдтэй бус, алс холын Европ, Ойрхи Дорнодын улс орнуудтай стратегийн холбоо тогтоож, мэдээлэл болон худалдааны “Евразийн сүлжээ”-г бий болгож чадсан.
ОРЧИН ҮЕИЙН ХОЛБООС: Монгол Улсын гадаад бодлогын цөм нь хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцахын зэрэгцээ “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг шинэ шатанд гаргахад оршиж байна. Энэ нь Монгол Улсыг дэлхийн улс төр, эдийн засгийн макро сүлжээнээс таслахгүй байх, улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийг орчин үеийн “Алтан аргамж”-аар дэлхийтэй холбох чухал стратеги юм.
2. Үндэсний ижилсэл ба “Дэлхийн Монгол”
Их Эзэн Чингис хаан “Алтан аргамж” хэмээх дипломат бодлогоороо дамжуулан монгол хүний мөн чанар, төрт ёсны өндөр соёл, ёс суртахууны хэм хэмжээ болон “Их Засаг” хуулийн үзэл санааг дэлхий дахинд тунхагласан түүхтэй. Энэхүү бодлого нь улс хоорондын харилцааг оюун санаа, эрх зүй, итгэлцлийн бат бөх холбоосоор зангидаж байв.
Орчин үеийн холбоос: Өнөө цагт энэхүү түүхэн залгамж чанарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар шинэ шатанд гаргаж байна. Тухайлбал, “Чингис хаан” үндэсний музейг байгуулсан, Их Эзэн хааны эш хөргийг төрийн хэмжээнд дээдлэн залсан зарлиг зэрэг нь монгол өв соёлыг дэлхийд сурталчлан таниулах стратегийн чухал алхмууд юм.
3. Байгаль орчин ба тогтвортой хөгжил
Эртний нүүдэлчид байгаль дэлхийг зөвхөн амьдрах орчин бус, харин “Мөнх Тэнгэр” хэмээн дээдлэн шүтэж, түүний бүрэн бүтэн байдлыг төрийн бодлогынхоо цөмд тавьж ирсэн түүхтэй. “Их Засаг” хуулиас эхлээд уул усны тайлга тахилга хүртэлх бүхий л уламжлал нь байгаль эхтэйгээ зохицон амьдрах тогтвортой хөгжлийн хамгийн эртний бөгөөд төгс загвар байлаа.
Орчин үеийн холбоос: Өнөөдөр энэхүү уламжлалт үзэл санаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр дамжин дэлхий дахинаа шинэ агуулгаар цуурайтаж байна. Энэ нь зөвхөн мод тарих ажил биш, харин:
- Дэлхий нийтийн хариуцлага: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй манлайлал;
- Экологийн дипломат ажиллагаа: Байгаль орчныг хамгаалах замаар улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлж буй “ногоон” гадаад бодлого;
- Үзэл санааны залгамж: Нүүдэлчдийн “Байгаль эх”-ээ дээдлэх гүн ухааныг орчин цагийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулсан “Мөнх Тэнгэр”-ийн үзэл санааны орчин үеийн сэргэлт юм.

4. Монголын эзэнт гүрний Тама цэрэг буюу (Энхийг сахиулах ажиллагаа)
Монголчууд бол эртнээс нааш дэлхий дахинд энх тайвныг сахиулах, олон улсын харилцааны тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр түүхэн онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн ард түмэн. XIII зууны үед тогтсон “Pax Mongolica” буюу Монголын амар амгаланг цогцлооход “Тама” цэрэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Тус цэрэг нь зөвхөн байлдан дагуулагч бус, харин эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон улс орнуудад нийгмийн дэг журмыг сахиулах, аюулгүй байдлыг баталгаажуулах, энх тайвныг тогтоох” чиг үүргийг хэрэгжүүлж байсан юм.
Монголын эзэнт гүрний дэлхийн амар амгалангийн төлөө байгуулсан хамгийн чухал гавьяануудын нэг бол дэлхийн анхны террорист бүлэглэл болох ассассинуудыг үндсээр нь устгасан явдал. Тухайн цаг үед “Уулын өвгөн”-ий удирдсан энэхүү нууц бүлэглэл нь улс орнуудын төрийн зүтгэлтнүүдийг хөнөөж, айдас хүйдэс түгээн, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байв. Тухайн үед ассассинуудыг ялан дийлэхүйц хүчирхэг цэрэг арми, стратегийн бодлоготой улс орон Монгол гүрнээс өөр байгаагүй байна. Хэрэв монголчууд энэхүү аюулыг таслан зогсоогоогүй бол терроризмын сүүдэр дэлхий дахинд хэдий хэмжээний хохирол учруулж, хэчнээн хугацаанд үргэлжлэх байсныг таашгүй.


Орчин үеийн холбоос: Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын мандат дор дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулж, хүн төрөлхтний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд манлайлах үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь зөвхөн цэргийн албан хаагчдыг илгээх тухай асуудал биш бөгөөд Монгол Улс дэлхийн энх тайвны үйлсэд бодит хувь нэмэр оруулснаараа өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг дипломат аргаар буюу “зөөлөн хүчний бодлого”-ын хүрээнд бэхжүүлж буй хэрэг юм. Их эзэн Чингис хааны үеэс монголчууд бусад улс орны шашин шүтлэг, соёл иргэншилд хүлээцтэй хандаж, ямар ч нөхцөлд уусан зохицох гоц чадвараараа ялгарсаар ирсэн. Энэхүү язгуур чанар нь өнөө цагийн монгол цэргүүдэд өвлөгдөн үлдэж, тэдний мэргэжлийн ур чадварын салшгүй нэг хэсэг болжээ. Монгол цэргүүд Өмнөд Судан, Сьерра-Леоне зэрэг зөрчилтэй бүс нутгуудад үүрэг гүйцэтгэхдээ бусад орны дайчдаас илүүтэйгээр нутгийн иргэдтэй хэл амаа амархан ололцож, итгэлцлийн гүүр болж чаддаг. Нүүдэлчин соёлын тусч, найрсаг зан чанар нь тэднийг хатуу чанга цэргийн сахилга баттай атлаа энэрэнгүй сэтгэлтэй “энхийн элч” болгож, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж буй нь бахархалтай.
Судлаач: Ж.Соёмбо








