
“Сувилагчийн хүч-чанартай тусламж, аюулгүй орчин-тогтвортой хөгжил” сэдэвт үндэсний XII сургалт, семинарыг зохион байгуулжээ
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс уламжлал болгон зохион байгуулдаг дээрх үндэсний XII сургалт, семинарыг 2026 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд нийслэл болон орон нутгийн 45 байгууллагын 360 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөлөл оролцож, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, нотолгоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг хэлэлцжээ.
Сургалтын хүрээнд зочин лекц, “Сувилагч мэргэжилтний оролцоо” симпозиум, судалгааны илтгэлийн хуралдаан, 14 өртөөт дадлага сургалтууд зохион байгуулагдаж, оролцогчид мэдлэг, ур чадвараа ахиулан туршлага солилцлоо.
Нийт 8 зочин илтгэл, 10 судалгааны илтгэл хэлэлцэгдэж, 75 судалгааны бүтээл ирүүлсэн нь сувилахуйн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.
Энэхүү сургалт, семинар нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлж, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ болжээ.









