
Ховд аймгийн Зэрэг сумын нутагт өнөөдөр 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Уг газар хөдлөлт нь Ховд аймгийн төвөөс 155 км, Дарви сумаас баруун зүгт 43 км, Чандмань сумаас 96 км, Мөст сумаас зүүн хойд зүгт 38 км, Цэцэг сумаас 49 км, Зэрэг сумаас зүүн урд зүгт 26 км, Улаанбаатар хотоос 1400 км зайд болжээ.
Дөрөв хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 22-нд энэ хагарлын бүсэд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн дараах судалгаагаар Ховд аймгийн төв Жаргалант болон Зэрэг, Манхан, Цэцэг, Мөст, Дарви, Чандмань, Мөнххайрхан сумын иргэд чичирхийллийг мэдэрсэн байна.
Иргэдийн өгсөн мэдээллээр газар хөдлөлт өндөр барилгын гурав болон түүнээс дээш давхарт илүү хүчтэй мэдрэгдсэн байна. Мөн толь, гэрлийн бүрхүүл савлаж, тавилгууд чичирч дуугарчээ.
Макро судалгааны урьдчилсан дүнгээр газар хөдлөлтийн голомтын орчимд IV–V балл, Зэрэг сумын төвд IV балл, Ховд аймгийн төвд II–III баллын хүчтэйгээр чичирхийлэл мэдрэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээлэв.








