
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд подкастын хөтлөгч Майкл Сэвэжийн АНУ-д төрсөн хүүхдэд Америкийн иргэншил автоматаар олгодог явдлыг шүүмжилж хэлсэн үгнүүдийг нийтэлсэн нь энэтхэгчүүдийн бухимдлыг төрүүлжээ.
Уг постод АНУ-ын технологийн салбарт ажилладаг Энэтхэгийн цагаачид цагаан арьст америкчуудыг ажилд авдаггүй, Энэтхэгийн цагаачид англи хэлэндээ муу зэргээр энэтхэг гаралтай иргэдийг ямар ч нотолгоо баримтгүйгээр шүүмжилсэн байсан ба М.Сэвэжийн “Энд төрсөн хүүхэд шууд Америкийн иргэн болдог, тэгээд тэр хүүхэд нь Хятад, Энэтхэг эсвэл өөр нэг тамын тогоо шиг газраас гэр бүлийнхнийгээ бүгдийг нь татчихдаг.” гэж хэлсэн үгийг нь эш татсан байжээ.
Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Рандхир Жайсуал хоёр улсын харилцаа олон жилийн турш харилцан хүндлэл болон нэгдмэл ашиг сонирхол дээр тогтож ирснийг онцлон, Ерөнхийлөгч Д.Трампын постыг зохисгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй хэмээн тодорхойлжээ.
Энэтхэгийн цагаач гэр бүлээс гаралтай конгрессын гишүүн Ами Бера, “Хөрөнгө мөнгө, эрх мэдэл эдэлж өссөн Ерөнхийлөгч Д.Трамп цагаач гэр бүлүүд амьдрахын төлөө хэрхэн тэмцдэгийг мэдэхгүй л дээ.” хэмээн мэдэгдсэн бол Hindu American Foundation-ий зүгээс үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт хэдийн түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрчихсэн байгаа энэ үед Ерөнхийлөгч Д.Трамп иймэрхүү төрлийн мэдэгдлүүдийг дэмжиж, тарааж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2025 оны 1-р сард Америкийн төрийн тэргүүнээр томилогдсоноосоо хойш технологийн салбарт ажиллахаар АНУ-ыг зорьдог энэтхэг мэргэжилтнүүдийн хамрагддаг визийн хураамжийг огцом нэмж, Энэтхэгийн импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэн билээ.
Ерөнхийлөгч Д.Трампын уг пост АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн ирэх сард Энэтхэг улсад хийх айлчлалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Guardian








