
Бүх Оросын Олон нийтийн санал бодлыг судлах төв буюу ВЦИОМ-н сүүлд явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 24.1 хувь нь Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэггүй, 23.3 хувь нь түүний ОХУ-ын төрийн тэргүүний хувиар хийж буй ажлуудыг дэмждэггүй гэж хариулжээ.
Энэ нь ОХУ Украин руу довтолсноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ба өнгөрсөн 7 хоногийн рейтингтэй харьцуулахад Ерөнхийлөгч В.Путины рейтинг 1.1 хувиар буурч, 65.6 хувь, иргэдийн зүгээс В.Путинд итгэх итгэл мөн л 1 хувиар буурч, 71 хувь болжээ.
“Медуза” сайтад эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч В.Путины засаг захиргаа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ВЦИОМ-н санал асуулгын дүнг бус “Олон нийтийн санал, бодол” фондын санал асуулгын дүнг нийтэлж байхыг зөвлөжээ.
“Олон нийтийн санал, бодол” фондын санал асуулгын дүнгээр иргэдийн 76 хувь нь Ерөнхийлөгч В.Путиныг хангалттай сайн ажиллаж байна, 74 нь түүнд итгэж байна гэж хариулсан аж.
ВЦИОМ-н санал асуулгаар Ерөнхийлөгч В.Путины рейтинг сүүлийн 7 долоо хоногийн турш унаж байгаа ба энэ нь юмны үнэ өссөн, иргэд дайнаас залхсан зэргээс гадна ОХУ-ын эрх баригчид Telegram платформыг хориглож, үүрэн интернетийг хязгаарласантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Meduza








