
Улаанбаатар хотод хэрэгжихээр төлөвлөгдөж буй “Туулын хурдны зам” төсөл нь дэд бүтцийн хувьд стратегийн ач холбогдолтой ч байгаль орчны иргэний нийгэм, иргэд олон нийт, улс төрийн гээд олон талын эсэргүүцэлтэй тулгарсан ч хотын дарга Х.Нямбаатар цээжээрээ хамгаалсаар Нийслэлийн МАН-ын хурлын өмнө “алдав”.
Цаасаан дээр зурагдсан “Туулын хурдны зам” бол нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдэх ач холбогдолтой “мега” бүтээн байгуулалт юм.
32 км урт, 6 эгнээ бүхий хурдны зам нь баруунаас зүүн чиглэлд хотыг огтолж, гол ачааллыг хуваарилах зорилготой, 4 дүүргийн нутаг дэвсгэрийг хамаарч буй. Анхны төсөв 916 тэрбум байсан ч 6 эгнээ, гүүрэн байгууламж нэмэгдсэнээр 2.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ бол Монголд анх удаа баригдах “жинхэнэ хурдны зам”-ын төсөл мөн нь мөн.
Сайн талыг харвал түгжрэлийн эсрэг системийн шийдэл мөн. Энэ зам ашиглалтад орсноор гол замуудын ачаалал 30–50% буурна, дундаж хурд 7–13 км/цагаас 10–25 км/цаг болж өсөх боломжтой гэж тооцоолж байгаа. Харин эдийн засгийн хувьд урт хугацааны өгөөж өгөх, логистик, тээврийн зардал буурч, Яармаг, Нисэх, Амгалан зэрэг бүсүүд хөгжих суурь болно.
Харин олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч буй гол шалтгаан нь төсөвт өртөг нэмэгдсэн, Туул голын экосистемд нөлөөлөх эрсдэлтэй, гүүрэн байгууламжууд голын татамд байрлана, усны урсац, үерийн эрсдэлд нөлөөлөх магадлалтай гэж буй.
Н.Учралын Засгийн газар бүдсэн даруйд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэрийг 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд гаргасан. Өөрөөр хэлбэл, байгаль орчны үнэлгээ, хууль эрх зүйн шаардлагууд хангагдаагүйтэй холбоотой гэж тайлбарласан.
Гэхдээ тэрбээр төд удалгүй буюу дөрөвдүгээр сарын 20-ны даваа гарагт үргэлжлүүлэхийг зөвшөөрөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Гэтэл дөрөвдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Энэ нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдах өдрийн өмнө гарсан шийдвэр.
13 жилийн “сунжирсан” энэ төсөл анх 2013 оноос яригдсан ч олон удаа зураг төсөл өөрчлөгдсөн. Төсөл өнөөдрийг хүртэл хугацаандаа иргэд, иргэний нийгмийн эсэргүүцэлтэй холбоотой сунжирсан гэвэл өрөөсгөл болно. Үүний цаана улс төрийн “замын шугам” зурагдаж байгааг харууллаа.
Салбарын түвшинд зогсоогдож, удалгүй дахин эхэлсэн уг төсөлд Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө оролцон дахин зогсоож буй нь улс төрийн энгийн зөрчил гэхээс илүү системийн шинжтэй зөрчил болохыг харуулж байна. Ийм богино хугацаанд бодлого ингэж савлах нь өөрөө баримт. Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд бодлогын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй. Харин салбарын сайд өөрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Гэвч бодит байдал дээр том төслүүд дээр “давхар шийдвэр гаргалт” үүсдэг. Туулын хурдны замын төсөл ч үүнтэй адил энэ кейс дээр сайд шийдвэр гаргасан ч Ерөнхий сайд түүнийг “дарж шийдвэр” гаргалаа. Энэ нь институцийн зөрчил бодитоор илэрч буй тохиолдол.
“Том төсөв бол өөрөө улс төрийн институц” гэж олон улсад үздэг. Энэ төсөлд шийдвэр савлаж байгаа нь мөнгөний урсгал дээрх хяналтын тэмцлийн илрэл гэж харж болно.
Улс төрийн тайлал: Цаг хугацаа хамгийн ихийг хэлдэг
Шийдвэр гарсан цаг хугацааг харвал, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны хурлын өмнөх өдөр Ерөнхий сайд шийдвэр гаргасан.
Төслөө цээжээрээ хамгаалж буй Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны дарга. Ерөнхий сайд Н.Учралын хувьд МАН-ын дарга. Сүүлийн үед хотын даргын ажлаар улс төрийн дайралт их ирж, цахим орчинд өөртэй нь болон охинтой нь холбоотой мэдээллүүд хөвөрсөөр байгаа. Үүний цаана Туул голын хурдны замын төсөл нь энгийн зам барих ажил бус цаана нь Улс төрийн замын трасс тавигдаж байгаа нь тодорлоо.
Олон улсын улс төрийн практикт том шийдвэрүүдийг улс төрийн эрх мэдлийн нам, бүлэглэлийн хурлын өмнө гаргах нь позици тогтоох буюу “Эцсийн шийдвэр миний гарт байна” гэсэн дохио болдог. Мөн Хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчилж, гишүүдийн анхаарлыг өөр тийш шилжүүлэх эсвэл дотоод тохиролцоог шахах буюу шийдвэрээр дамжуулж фракцуудыг “ширээнд суулгах” арга юм.
Эндээс харахад “Туулын хурдны зам” бол дэд бүтцийн төсөл биш эрх мэдлийн “газрын зураг” болж хувирчээ.
Эцсийн асуулт нь зам барих эсэх биш хэн шийддэг вэ? хэн хяналт тавих вэ? хэн ашиг хүртэх вэ?








