
Бэлгэвч үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох Karex компанийн Гүйцэтгэх захирал Го Миа Киат Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа Ормузын хоолойн хөдөлгөөн хэр удаан саатахаас шалтгаалж бэлгэвчнийхээ үнийг багадаа 20-30 хувиар нэмэхээс өөр аргагүйд хүрээд байгаа тухайгаа дурджээ.
Иран улс дэлхийн газрын тос, байгалийн хийн нийт худалдааны 1/5 нь дамжин тээвэрлэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөнийг зогсоосон нь олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нөлөөлж, бэлгэвч үйлдвэрлэхэд шаардлагатай материалуудын нийлүүлэлт тасалдахад хүргэжээ.
Karex компанийн Гүйцэтгэх захирал Го Миа Киатын хэлснээр бэлгэвч үйлдвэрлэж, савлах өртөг нэмэгдсэнээр зогсохгүй нийлүүлэлт нь ч саатсаар байгаа аж. Тэрээр, “Нөхцөл байдал маш тогтворгүй, өртөг зардал ч өндөр гарч байна. Зарим зардлаа хэрэглэгчдэдээ үүрүүлэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй” хэмээн ярьжээ.
Малайз улсад төвтэй Karex компани нь бэлгэвч, лубрикант, нэг удаагийн бээлий, эмнэлгийн катетер, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гадаргууг бохирдохоос хамгаалах бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэдэг байна. Тус компани ONE, Trustex, Carex, Pasante зэрэг брэндийн бэлгэвч худалдаанд гаргадаг ба жилдээ 5 тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэж, дэлхийн 130 гаруй улсад нийлүүлдэг аж.
Karex компанийн АНУ-ын Массачусеттс дахь охин компани болох Global Protection Corp. компанийн Гүйцэтгэх захирал Дэвин Ведел Ойрх Дорнодод болж буй дайн тэр дундаа Ормузын хоолой хаагдсанаас болж ттүүхий эд, материалын үнэ огцом нэмэгдсэнийг онцолжээ. Түүний хэлснээр Ираны дайн эхэлснээс хойш бэлгэвчний савлагаа боодолд хэрэглэгддэг мөнгөн цаас, гялгар уутны үнэ 20-30 хувиар, латекс материалын үнэ 30 хувь, бэлгэвчний тослох материал 25 хувь, латексний орцгүй бэлгэвчийг үйлдвэрлэхэд ашигладаг нитрилын үнэ 100 хувиар нэмэгджээ.
Энэ нь Ираны дайнаас болж зөвхөн эрчим хүчний салбар бус газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнүүдийг ашигладаг салбарууд ч мөн их хэмжээний алдагдал хүлээж байгааг харуулж байна. Жишээ нь газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн болох нафтаг бэлгэвчний сав баглаа боодолд ашигладаг ба Азийн орнууд нафтагийн нийт хэрэглээнийхээ 41 хувийг Ойрх Дорнодоос экспортолдог аж.








