
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Марафоны үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа мэдээлэл өглөө.
Тэрбээр ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна. Нийтийн тээврийн апплейкишнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргэнэ. Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны “МА” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг” гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Болдбаатар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцогчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээг нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний 10 баг ажиллана. Гараа, барианы цэгт нэг баг, гүйлтийн зам дагуу усны байршлуудад таван баг, хөдөлгөөнт дөрвөн баг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох нь тохиромжтой. Зүрх, судас, уушгины өвчтэй болон гүйлт эхлэхээс 5 хоногийн өмнө халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүс марофонд оролцохгүй байхыг уриалж байна. Гүйхээс өмнө дасгал сургуулилалт хийж бэлтгэх, 48 цагийн өмнөөс хооллолтод анхаарч, 5 хоногийн өмнөөс согтууруулах ундаа хэрэглээгүй байх, гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж 20 минут тутамд 100-200 мл ус уух, тухайн гүйлтэд оролцохдоо гэмтэл холголтоос сэргийлж, шинэ пүүз, хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөж байна” гэлээ.
Энэ жил 21 км, 42 км буюу хагас, бүтэн марафоны гүйлтийн маршрутад өөрчлөлт орж байгаа. Сүхбаатарын талбайгаас гараанаас гараад Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүрч, нүхэн гарцаар гараад зүүн тийш призер хүрээд буцаж эргэж, Дүнжингаравын уулзвараас Цэцэрлэгт хүрээлэнгийн ар, И-мартын уулзвар хүрнэ. И-мартаас Удирдлагын академи руу эргэх туслах замаар худалдааны төвөөр баруун эргээд буцаж И-мартын уулзвараар барианд орно гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.








