
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн мягмар гарагийн орой Пакистаны эрх баригчдын хүсэлтээр АНУ, Иран хоорондын байгуулсан галаа зогсоох гэрээг сунгаж буйгаа зарлажээ.
Тэрээр хоёр улсын яриа хэлэлцээ эцэслэж, Ираны тал энхийг тогтоох нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, Вашингтонд танилцуулах хүртэл галаа зогсоох хугацааг сунгаж буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ зэвсэгт хүчнийхэндээ энэ хугацаанд Ираны боомтуудын бүслэлтээ үргэлжлүүлж, байнгын бэлэн байдалд байхыг үүрэг болгосон гэжээ.
Үүний хариуд Тегеран гал зогсоох гэрээг сунгахаас татгалзсан байна. Ираны парламентын даргын зөвлөх Мехди Мохаммади Д.Трампын талаас галаа зогсоох гэрээг сунгаж буй нь ямар ч утгагүй хэмээн “Ялагдсан талд шалгуур нөхцөл тавих эрх байхгүй. Ираны боомтуудын бүслэлтийг үргэлжлүүлэх нь Иранд цохилт үзүүлж байгаатай ялгаа байхгүй. Тийм ч учраас бүслэлтэд зохих ёсоор хариу барих ёстой. Д.Трампын талаас галаа зогсоох гэрээг сунгаж байгаа нь цаг хожиж, гэнэтийн цохилт үзүүлэх зорилготой. Иран улс яг одоо сөрөг довтолгоогоо хийх ёстой” гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын дээрх мэдэгдлийн дараа Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 98.97 ам.доллар болж буурсан байна. Ираны дайны өмнөхөн нэг баррель газрын тос 70 орчим ам.доллар байсан билээ.








