
Ираны дайны нөлөөгөөр бензин, түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Европт цахилгаан автомашины борлуулалт дунджаар 51 хувиар өсжээ.
New AutoMotive ба E-Mobility Europe зэрэг худалдааны байгууллагуудаас Европын 15 оронд хийсэн судалгаагаар 2026 оны эхний 3 сард Европт 500 мянган цахилгаан автомашин шинээр бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 33.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд тэдгээрийн 224 мянга нь зөвхөн 3-р сард дангаараа бүртгэгдсэн байна.
2-р сарын сүүлээр Ираны дайн эхэлснээс хойш Европ даяар цахилгаан автомашины эрэлт огцом өсжээ. Жишээ нь өнгөрсөн сард Норвег улсад борлуулагдсан нийт автомашинуудын 98 хувь нь, Данид борлуулагдсан автомашинуудын 76 хувь, Финляндад зарагдсан автомашинуудын 50 орчим хувийг цахилгаан автомашинууд эзэлжээ.
Скандинавын улс орнуудад цахилгаан автомашины хэрэглээ хурдацтайгаар өсөж байгаад тухайн орнуудад иргэд нь хангалттай хэмжээний орлого олдог явдал, улсаас нь өндөр тэтгэмж олгодог, мөн цахилгаан тээврийн хэрэгслүүдэд зориулсан дэд бүтэц сайтай зэрэг нь нөлөөлжээ.
Шведийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Polestar компани л гэхэд 2025 онд 60 мянган автомашин борлуулж, рекорд тогтоосон байна.
Жилийн эхний улирлын байдлаар ХБНГУ, Франц, Испани, Итали, Польшид цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо дунджаар 40 хувиар нэмэгджээ.
Францад цахилгаан автомашин худалдан авч буй бага орлоготой өрхөд 5700 евро, дунд орлоготой өрхөд 4700 евро бусад тохиолдолд 3500 еврогийн урамшуулал олгож эхэлснээр цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо 50 хүртэлх хувиар нэмэгджээ. Түүнчлэн тус улсад өрхийн гишүүн бүрд оногдох жилийн орлого 16 300 еврогоос бага, ажил нь багадаа 15 км зайд байрладаг айл өрхүүдэд зориулсан тусгай лизингийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо нэмэгдэхэд багагүй хувь нэмэр оруулжээ.








