
Ормузын хоолой дахин хаагдаж олон улсын зах зээлд хүчтэй дохио болж, эрчим хүчний эмзэг тэнцвэрийг дахин сөхлөө.
Түр хугацаанд нээсэн ч удалгүй хаасан энэ үйлдэл нь зөвхөн бүс нутгийн геополитикийн тактик бус, дэлхийн эдийн засгийн мэдрэлд шууд нөлөөллөө.
Сэтгэлзүйн “шок” ба бодит өсөлт
Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамждаг. Ийм чухал гарцыг хаасан мэдээлэл гармагц зах зээлд хамгийн түрүүнд “айдас” үнэ рүү шингэдэг.
Brent crude богино хугацаанд огцом өсөлт үзүүлж, Даатгал, тээврийн зардал нэмэгдэж, Фьючерс зах зээл дээр эрсдэлийн “premium” нэмэгдсэн.
Энэ нь бодит нийлүүлэлт тасалдаагүй байсан ч үнэ өсөх хангалттай шалтгаан болдог.
Өөрөөр хэлбэл, зах зээл бодит тасалдлаас илүү тасалдах магадлалд илүү хүчтэй хариу үзүүлдэг.
Логистик ба нийлүүлэлтийн гинжин урвал
Персийн булангаас гарах нефть, шингэрүүлсэн хий (LNG)-ийн урсгал саатсанаар:
– Саудын Араб, Катар, АНЭУ-ын экспорт удааширч
– Азийн том импортлогчид (Хятад, Япон, Солонгос) нөөцөө ашиглах шаардлагатай болсон
– Далайн тээврийн маршрут өөрчлөгдөж, хугацаа уртассан.
Энэ бүхэн нийлээд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг “сунгаж”, зардлыг өсгөсөн.
Ийм төрлийн геополитикийн хурцадмал байдал нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлтэй активуудаас холдуулдаг.
Хөрөнгө оруулагчид “аюулгүй бүс” рүү шилжих (алт, ам.доллар), хөгжиж буй зах зээлүүдээс капитал гадагшлах, хөрөнгийн биржүүдэд хэлбэлзэл нэмэгдэж эхэлсэн.
Энэ нь зөвхөн эрчим хүчний салбар биш, өргөн хүрээний санхүүгийн савлагаа үүсгэдэг.
Инфляц ба бодлогын дарамт
Газрын тосны үнэ өсөх нь тээвэр, үйлдвэрлэл, хэрэглээний бүх түвшинд дам нөлөө үзүүлдэг.
– Шатахууны үнэ өснө
– Тээврийн зардал нэмэгдэнэ
– Бараа, үйлчилгээний үнэ дагаж өснө.
Үүний үр дүнд төв банкууд инфляцтай тэмцэх бодлогоо чангатгах дарамтад ордог.
Өөрөөр хэлбэл, нэг геополитикийн шийдвэр дэлхийн хэмжээнд мөнгөний бодлогыг хүртэл өөрчилж чадна.
Монголд ирэх “дам нөлөө”
Монгол Улс газрын тосны импортын хамаарал өндөртэй тул ийм савлагаанд эмзэг байгаа.
– Шатахууны импортын үнэ өснө
– Тээвэр, логистикийн зардал нэмэгдэнэ
– Дотоод инфляцад дарамт өгнө.
Ялангуяа БНХАУ болон ОХУ-ын эрчим хүчний бодлого, нийлүүлэлт өөрчлөгдвөл Монголд шууд нөлөөлөх магадлалтай.
Хэдийгээр Ормузын хоолойг түр хаасан гэж Иран мэдэгдсэн ч энэ нь урт хугацаанд нөлөөг үүсгэнэ.
Ираны Ормузын хоолойг нээж, удалгүй дахин хаасан шийдвэр нь бодит нийлүүлэлтийг бүрэн зогсоогоогүй ч зах зээлд тогтворгүй байдлын дохио өглөө.
Энэ нь үнэ өсгөж, зах зээлийг савлуулж, геополитикийн эрсдэлийг сануулсан.
Ингэснээр дэлхийн эдийн засагт “түр зуурын үйл явдал” мэт харагдсан шийдвэр урт хугацааны сүүдэр үлдээж байна.








