
Нэн түрүүнд сэтгүүлч би Азарбайжан Улсыг зорин аялчихаад ирсэн тэмдэглэлээ уншигч танд хүргэж байгаадаа баяртай байна. Долоон өдөр үргэлжилсэн энэ аяллын тэмдэглэл танд тус улсын талаарх мэдээллийг хүргэж, очиж үзэх хүслийг тань өдөөх эсэхийг мэдэхгүй ч өөрт төрсөн сэтгэгдэл, түүх соёлынх нь талаар сорчлон хүргэх гэсэн юм.
Эхлээд танд тус улсын талаар ерөнхий мэдээллийг хүргэе.
Кавказын өмнөд хэсэгт, Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу 86,600 км² газар нутагт орших Azerbaijan улс нь байгалийн баялаг, эртний соёл, стратегийн байрлалаараа олон зууны туршид анхаарал татаж иржээ.
Албан ёсны хэл нь азербайжан хэл бөгөөд түрэг хэлний бүлэгт хамаардаг.
Хүн амын дийлэнх нь ислам шашинтай, голчлон шиит урсгалыг шүтдэг (шиит урсгал нь исламын хоёр гол чиглэлийн нэг бөгөөд шашны удирдагчийг Мухаммед эш үзүүлэгчийн гэр бүл, удам залгамжлагч байх ёстой гэж үздэг онцлогтой), нийгмийн амьдрал нь харьцангуй секуляр (шашин нь төрийн бодлого, хууль тогтоомжийг шууд удирддаггүй, төр ба шашин тодорхой хэмжээнд тусдаа оршдог) шинжтэй.
Мөнгөн тэмдэгт нь манат (AZN). Нэг манат ойролцоогоор 2000-2100 төгрөг. Дундаж цалин нь монгол мөнгөөр ойролцоогоор 3.5 сая төгрөгтэй тэнцэнэ. Нийслэл Бакуд амьдралын өртөг өндөр, харин хөдөө орон нутагт илүү боломжийн байдаг.


“Үзэмж монгол” брэндийн дээлээр гангарсан. Гадны хүмүүс гоё харагдаж байна, хаанаас авсан бэ, хаанаас ирсэн бэ гэж их асуусан
Түүхийн хувьд Азарбайжан нь Перс, Османы эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрний нөлөөнд ээлжлэн орж байв. XIX зуунд Russian Empire-д нэгтгэгдэж, дараа нь Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд орсон. 1991 онд тусгаар тогтнолоо сэргээснээс хойш нутаг дэвсгэрийн маргаан, ялангуяа Nagorno-Karabakh conflict-тай холбоотой зөрчилдөөнүүд үргэлжилж, 2020 оны дайнаар зарим нутгаа буцаан авсан юм.
Сүүлийн жилүүдэд нефть, байгалийн хийд түшиглэсэн эдийн засаг нь хурдтай өсөж, Баку хотод орчин үеийн барилга байгууламж, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжсэн. Каспийн тэнгисийн эрэг дагуу баригдсан урт булвар, Flame Towers, соёлын төвүүд нь энэ хөгжлийн илэрхийлэл болж буй.
Тус улсын хувьд ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд улсын төсвөөр хөгжлийн гол түлхүүр болох томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, хувиараа бизнес эрхлэгчдээ дэмжин, газар тариалан эрхлэгчдээсээ татвар авдаггүй зэрэг Ерөнхийлөгчийн засаглалтай ч зөв удирдаж чадвал хөгжил дэвшилд хүрч болдгийн тод жишээг харуулна.
Аялал эхэллээ
Аяллын эхний өдөр тус улсын нийслэл Баку хотоор эхэллээ. Тус улс руу манайхаас шууд нислэг байдаггүй тул Монголоос Истанбул чиглэлд 8 цаг нисэж, буцаад 3 цаг явсны эцэст Баку хотдоо очно.
Онгоцноосоо буумагц далайн чийглэг уур амьсгал, сэвэлзүүр салхи мэдрэгдэж биднийг тосох жолооч уриалгахан угтаж авав. Онгоцны буудлаасаа төв нь холгүй ойр. Шөнийн Баку ямар үзэсгэлэнтэй гэж санана.
Монголчуудын сурсан зангаар энэ манайхаар бол яармаг, энэ бол бөхийн өргөө гээд л харсан бүхнээ сониучирхан явах зуур уртын нислэгийн ядаргаа нүд ирмэх зуур арилж маргаашийн аяллаа тэсэн ядан хүлээж байлаа.
Яван явсаар байрлах буудалдаа ирэхэд ямар тансаг байсан гэж санана. Хуучны хэв маяг, орчин үеийн шийдэл хосолсон жинхэнэ тухтай газар. Хурдхан шиг л өрөө, өрөө лүү гээ гүйлдэж хувцсаа тавьчихаад эхний оройн хоолоо идлээ. “Цайгаа өмнө нь авах уу, дараа нь авах уу” гэх асуултаас соёлын ялгаа эхэлнэ. Тэд цайгаа хоолныхоо дараа уудаг бол бид эхэнд нь халуун цайгаа захиалав. Хоолны амталгаа ч эхэлж мах голдуу захиалсан бидэнд хоол таарахгүй гэхийн зовлон байсангүй.
Манайхаас 4 цагийн зөрүүтэй. Тиймдээ ч нойрны асуудал биднийг тойрсонгүй.
Маргааш нь эртлэн босож хуваарийн дагуу аяллаа эхлүүллээ. Энэ өдрийн хамгийн гоё нь “Old city”-хуучны хот. Бүх зүйл нь хуучин ямар байсан яг тэр чигээрээ.
Энэ улсын хамгийн гоё зүйлийн нэг бол яахын аргагүй анар жимс. Шууд шүүсээр нь шахаад уухад бэлэн. Хааны ордон руу орохын өмнө нэг залуу шүүс зарж байгаад надад элгэмсүү хандан нэгийг үнэгүй өгсөн. Анар уусан, авсан эхний сэтгэгдэлдээ ч тэр үү амт нь одоо ч тод санагдаж байна.


Харин одоо танд Баку хотын талаарх мэдээллийг хүргэе.
Баку: Чулуун хот ба нефтийн нийслэл
Baku хот бол Каспийн тэнгисийн хамгийн том боомт, Кавказын эдийн засгийн төвүүдийн нэг. XIX зууны сүүлчээр нефтийн олборлолт эрчимжих үед дэлхийн хамгийн баян хотуудын нэг болж байсан түүхтэй.
Icherisheher буюу Хуучин хот нь XII зуунаас хадгалагдсан хэрэмт хот. Дотор нь орших Palace of the Shirvanshahs нь Ширваншахын улсын төв байжээ. Мөн “Maiden Tower” хэмээх цамхаг нь одоог хүртэл бүрэн тайлагдаагүй зориулалттай, судлаачдын сонирхлыг татсаар буй.
Хотын шинэ хэсэгт нефтийн орлогоор босгосон орчин үеийн барилгууд зонхилно. Flame Towers шөнөдөө галын дүрсээр асах нь энэ орны эртний гал шүтлэгтэй холбогдоно.


Гобустан: Эртний хүмүүсийн ул мөр
Gobustan National Reserve-д 6,000 гаруй хадны сүг зураг бүртгэгдсэн. Эдгээр нь МЭӨ 10 мянган жилийн өмнөх үеэс эхтэй гэж үздэг. Ан агнуур, бүжиг, усан онгоцны дүрслэл нь тухайн үеийн хүмүүс далай тэнгистэй харилцаж байсныг харуулна.


Ойролцоох шавар галт уулс нь ердийн галт уултай огт адилгүй. Шавар нь хүйтэн, харин доороос хий оргилж гарч ирэх үед бөмбөлөг үүсгэн хагарна. Газрын тос, хийн ордтой холбоотой энэ үзэгдэл Азарбайжаны геологийн онцлогийг шууд харуулдаг.








Дараагийн зогсоол Абшерон хойг


Yanar Dag-ийн хамгийн гол онцлог нь газар доорх нефть, хийтэй давхаргаас метан зэрэг хий чулууны ан цаваар дээш гарч ирдэг явдал. Тэр хий агаартай хүрэх үед өөрөө асаж, тасралтгүй шатдаг. Энэ нь галт уул биш, харин хийн алдагдлаас үүссэн байгалийн гал гэдгээрээ онцлог.
Энэ галын нас яг тодорхой биш. Зарим судалгаанд мянга мянган жилийн турш шатаж байгаа гэж үздэг бол орчин үеийн домогт:
- 1950-иад онд нэг хоньчин санамсаргүйгээр гал асаасан
- Түүнээс хойш унтраагүй гэж ярьдаг
Гэхдээ үүнээс өмнө, эртний аялагчид, тухайлбал Marco Polo хүртэл энэ бүсэд байгалийн гал байдаг талаар бичиж үлдээсэн байдаг.
Абшероны хойг бүхэлдээ эртнээс “галын орон” гэж нэрлэгдэж ирсэн. Учир нь газар доороос гарч ирдэг ийм байгалийн гал олон байсан.
Энэ нь Zoroastrianism буюу гал шүтлэгтэй шууд холбоотой.
- Гал нь ариун, бурханлаг хүчний бэлгэдэл гэж үзэгддэг
- Эртний хүмүүс ийм газруудыг мөргөлийн газар болгон ашигладаг байсан
- Yanar Dag болон ойролцоох галын сүмүүд (Ateshgah) нь шашны төв болж байжээ
Нүдээр харахад жижиг мэт боловч утга агуулгын хувьд энэ улс орныг тайлбарлах түлхүүр болсон газар юм.
Түүний дараа бид Ateshgah Fire Temple-ийг зорив.


Сүм нь дөрвөлжин хашаатай, дотроо олон жижиг өрөө (мөргөлчдийн амьдрах, бясалгах зориулалттай) бүхий цогцолбор. Голд нь дөрвөн нуман хаалгатай тахилын байгууламж байрлах ба тэнд гал асч байдаг.


“Үзэмж монгол” брэндийн дээл
Ateshgah Fire Temple нь XVII-XVIII зуунд баригдсан гэж үздэг. Энд Zoroastrianism болон Энэтхэгийн худалдаачдын зан үйл давхар явагддаг байсан. Гал, ус, агаар, шороо гэсэн дөрвөн махбодыг тэнцвэртэй байлгах үзэл нь тухайн үеийн амьдралын хэв маягт нөлөөлж байжээ.

1. Zoroastrianism (гал шүтлэг)
- Гал бол ариун, цэвэршүүлэх хүч
- Дөрвөн махбод (гал, ус, шороо, агаар)-ыг тэнцвэртэй байлгахыг эрхэмлэдэг
- Байгалийн гал гардаг газрыг мөргөлийн төв болгон ашигладаг
2. Хиндү, Сикх мөргөл
XVII-XVIII зуунд Энэтхэгийн худалдаачид энэ бүсэд ирж суурьшсан. Тэд Ateshgah-д мөргөл үйлдэж, сүмийн хананд санскрит, пүнжаби бичээс үлдээсэн байдаг.
Тиймээс энэ газар зөвхөн нэг шашны бус, олон соёлын уулзвар болж байсанаараа онцлогтой.
Ийнхүү бид дараагийн хот болох Шеки хотыг зорилоо.
Давхар дурдахад бидний буудалласан буудлууд үнэхээр гоё байсан шүү. Байгалийн өвөрмөц тогтоц дунд, орчин үеийн шийдэлтэй сайхан газруудад тухтай хоноглож явсан.
Хот хоорондоо ойрхон зайтай ч агаар болоод, байгалийн тогтоц нь тус бүрийн онцлогийг шингээсэн. Зам зуур хөтөч нартаа монгол дуугаа сонсгож үндэсний соёлоо харуулаад амжсан шүү. Хөтөч нар нь нилээн өндөр шалгуураар сонгогддог юм билээ. Ямар ч музей байсан тайлбарлачихдаг, англиар чөлөөтэй ярьж, улсынхаа талаар а, б-гүй мэддэг нь ямар ч асуултанд төвөггүй хариулахаас нь харагдана.
Шеки: Торгоны замын хот


Шеки нь Хятад, Төв Азиас ирсэн бараа Европ руу дамжин өнгөрөх гол замын нэг дээр байрлаж байсан. Торго, халуун ногоо, шаазан эдлэл, үнэт чулуу зэрэг бараа энд дамжин өнгөрдөг байв.
Хотын байршил нь уулсаар хамгаалагдсан, уур амьсгал нь таатай тул худалдаачид удаан хугацаагаар саатахад тохиромжтой байсан. Энэ нь Шекиг зөвхөн дамжин өнгөрөх цэг биш, харин худалдаа хөгжсөн төв болгосон байдаг.
Sheki Khan Palace – Архитектурын гайхамшиг


“Шебеке” гэж нэрлэгдэх өнгөт шилэн цонх, нэг ч хадаас ашиглаагүй модон угсралт, ханын зурагт ан амьтан, ургамал, байгалийн дүрслэл, өрөө бүр өөр өөр өнгө, гэрлийн шийдэлтэй. Зарим толийг сүүлд шинэчилсэн боловч өмнөх хуучин байсан нь ялгарч харагдана. Энэ цонхоор тусах гэрэл үнэхээр үзэсгэлэнтэй.


Нарны гэрэл цонхоор тусах үед дотор орон зай байнга өөрчлөгдөж, цаг хугацаа өнгөрөх тусам өнгө нь солигдож харагддаг байна.
Шеки дахь Caravanserai нь Торгоны замын үеийн хамгийн сайн хадгалагдсан буудлуудын нэг.


Доод давхарт бараа хадгалж, дээд давхарт хүмүүс амардаг
Доторх хашаа нь тэмээ, морь байршуулахад зориулагдсан
Азарбайжаны үндэсний хоол бол кебаб болон halva. Харин Шеки хотод хамгийн амттай Halva байдаг гээд бид туршиж үзэв.


Halva нь:
- Самар
- Зөгийн бал
- Нимгэн гурилан торон давхарга зэрэг орцтой, маш нарийн хийцтэй амттан.
Амсаж үзэхэд содон сонирхолтой. Цуг явсан хүмүүст заримд нь таалагдаж, заримд нь таалагдаагүй. Гэхдээ соёлынх нь нэг хэсэг тул сонирхолтой санагдсан.
Шеки хотод алхахад уулын нам гүм, модон байшин, чулуун гудамж, гар урлалын үнэр бүгд нэг дор мэдрэгдэнэ. Энэ хотын үнэ цэнэ нь зөвхөн нэг барилга, нэг дурсгалд бус, харин олон зууны турш хадгалагдсан амьд орчинд оршдог ажээ.

Габала: Эртний нийслэлээс аялал жуулчлалын төв
Gabala нь эртний Кавказ Албани улсын нийслэл байсан. Археологийн судалгаагаар хотын хамгаалалтын хэрэм, усан хангамжийн систем илэрсэн.
Tufandag Mountain Resort нь 2,000 метрээс дээш өндөрт байрлах бөгөөд цасны улиралд цанын спорт, дулааны улиралд уулын аялалд ашиглагддаг.


Ийнхүү уулын орой дээр гарахад ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гэж санана. Эргэн тойронд нь мөнх цаст уул, нөгөө талд нь ногоон талбай. Далайн түвшнээс дээш Кавказын нурууг харах 4491 метрийн өндөрт байгалийн сайхныг харан зогсох нь аяллын хөтөлбөр дундаас миний хамгийн хэсэг байсан. Айдастайгаа нүүр тулсан болоод ч тэр үү энэ бол таны зайлшгүй очиж үзэх ёстой газрын нэг зайлшгүй мөн гэж хэлмээр байна.




Ийнхүү бидний дараагийн зогсоол Ленкоран хот




Lankaran нь чийглэг, дулаан уур амьсгалтай тул Азарбайжаны цай, цитрус жимсний гол бүс нутаг.
Hirkan National Park нь гуравдагч галавын үеэс хадгалагдсан реликт ойгоороо алдартай. Энд ургадаг “төмөр мод” (Parrotia persica) нь маш нягт модлог бүтэцтэй, зарим судалгаагаар хүчилтөрөгч ялгаруулах чадвар өндөртэй гэж үздэг. Мөн Кавказын ирвэс, ховор шувууд зэрэг амьтад амьдардаг. Судалгаа одоо ч үргэлжилж байгаа нь энэ бүс нутгийн биологийн үнэ цэнийг илтгэнэ.
Биднийг тайлбарлагч нь дагуулан модны гүн рүү дагуулан орсон. Ховор төрлийн хортой могой байдаг шүү болгоомжтой байгаарай гэж хэлчихээд юу ч болоогүй явсан нь аймар санагдаж байсан ч дахиад л айдастайгаа нүүр тулан цаашилж ховор төрлийн мод, хамгийн сайхан хүчилтөрөгчөөр амьсгалсан. Монгол хүн ер нь байгаль харахаараа л аз жаргалтай болчихдог гэдгийг цуг аялж явсан хүмүүсээсээ харж байлаа.


Цаашлаад “Lankaran tea” гэх цайны аж ахуй үйлдвэрлэдэг газар очсон. Эзэн нь бидэнд цайны амталгаа гэж гурван төрлийн цай өгсөн. Өөр газруудад лемоноо цайндаа хийгээд уучихдаг байсан болохоор аль хэдийн цайн дотроо хийгээд л хутгаж байтал эзэн нь зүгээр ориг амтаар нь уухыг зөвлөсөн юм. Хэл нэвтрэхгүй ч биеийн хэлэмж харцаараа ойлголцож хэдийн ах, дүү болоод амжсан. Надад Султан гэх цайгаа бэлэглэж, цай хураахдаа өмсдөг хувцсаа өмсүүлж элгэмсүү хандсанд нь ихэд баярлаж, хөөрч байлаа.
Цайгаа “armudu” хэмээх лийр хэлбэрийн шилэн аягандаа хийж, чихэр, чанамалтай хамт хэрэглэнэ. Энэ аяганы хэлбэр нь цайны дулаанаа сайн хадгалдаг гэж үздэг юм байна лээ.


Эцэст нь хэлэхэд Азарбайжан Улсаар заавал аялаарай. Амьдралдаа авч болох хамгийн гоё аяллуудын нэг нь байх болно оо. Хөтөлбөртэй аялал сонгох эсвэл өөрөө аяллаа зохиогоод явсан ч болно. Аяллын минь турш хамт байсан танд баярлалаа.












