
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин” VI эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө.
Энэ хурлын үеэр Монгол Улсын Боловсролын их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор профессор Ц.Гантулга дараах тодруулгыг өглөө.
“Монгол судлал өргөн цар хүрээтэй, далай баян сэдэвтэй асуудал шүү дээ. Тийм ч учраас дэлхийн Монгол судлал нь хөгжиж зуун зууныг дамжаад явж байна. Гадаадын эрдэмтэд Монголын бүх л түүхийг сонирхдог мэдээж дэлхийн түүхийг тодорхойлсон 13-р зуун, 14-р зууны түүх Монголын түүхийн хүрээнд ч дэлхийн түүхийн хүрээнд ч жинтэй хувь нэмэр оруулдаг. Олон орны эрдэмтэн судлаачид их Монгол Улсын түүхэнд тодорхой хэмжээний анхаарлаа хандуулж байгаа.
Монгол хүн бүрийн эрхэмлэн дээдэлж явах оюун сэтгэлдээ тээж, гүнзгийрүүлэн судалж түүнийгээ түгээн дэлгэрүүлдэг байх учиртай зүйл нь өвөг дээдсийн туулсан амьдрал, түүх байгаа юм. Түүхээ хэр зэрэг судалж хожим ирээдүй үеэ зөв төсөөлж баримжаалахад, сургамж ухаарал авах үндэс угсаагаа хадгалан оршиход, сэтгэлгээний дархлаагаа бэхжүүлэх оршин тогтнолын баталгаа болсон зүйл юм. Залуучууд маань түүхээ эрхэмлэн дээдэлж, үүнийгээ эгнэгт нэн тэргүүнд тавьж байгаасай гэж боддог. Тэр хэмжээгээр манай улсын тусгаар тогтнол, оршин тогтнох баталгаатай байх нь үүнээс шалтгаална” гэлээ.








