
Өнгөрсөн баасан гарагт Израил улс болон Ливан дахь Хезболла бүлэг 10 өдрийн турш галаа зогсоох тохиролцоонд хүрснээ мэдэгдсэний дараа Иран улс Ормузын хоолойн хөдөлгөөнийг бүрэн нээж буйгаа мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ буурч, хөрөнгийн биржүүдийн гол индексүүд өссөн үзүүлэлттэй хаагдсан юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, Иран хоёр улс зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулах хүртэл Ираны боомтуудын бүслэлтийг цуцлахгүй гэдгээ мэдэгдсэнээр Ираны Аюулгүй Байдлын Дээд зөвлөл АНУ-ын бүслэлт нь галаа зогсоох тохиролцоог зөрчсөн явдал хэмээн Ормузын хоолойг нээх шийдвэрийг цуцалснаа мэдэгджээ. Ингэхдээ Персийн булан дахь боомтоос нь Оманы тэнгис дэх боомт хүртэлх Ираны хяналтад байдаг хэсгээр зорчихгүй байхыг сануулж, Ормузын хоолой руу ойртсон хөлөг онгоцнуудад цохилт үзүүлнэ хэмээн анхааруулжээ.
АНУ-Израилын эхлүүлсэн Ираны эсрэг дайн 8 дахь 7 хоног руугаа орж, дэлхийн газрын тосны нийт худалдааны 1/5 нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн хөдөлгөөн хаалттай хэвээр байгаө нь олон улсын эрчим хүчний хямралыг гүнзгийрүүлсээр байна.
Эх сурвалж: BBC








