
Израил, Ливан хоёр улс энэ баасан гарагаас эхлэн 10 өдрийн турш галаа зогсоох тохиролцоонд хүрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нийгмийн сүлжээндээ бичсэнээр тэрээр Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун болон Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай утсаар ярилцсан ба хоёр орны төрийн тэргүүнүүд энхийг тогтоохын төлөө 10 өдрийн турш харилцан галаа зогсоох шийдвэрт хүрчээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын зэвсэгт хүчний генерал Дэн Кейн нарт Израил, Ливаны хооронд бат бөх, урт хугацааны энх тайван тогтоохын тулд дээрх хоёр улсын эрх баригчидтай хамтран ажиллахыг даалгажээ.
Израилын Ливанд явуулж буй зэвсэгт хүчний ажиллагаа нь олон улсын эрчим хүчний худалдааг доголдуулж, газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлөөд буй Ираны дайныг дуусгах Д.Трампын төлөвлөгөөнд саад болж буй гол асуудал болоод байгаа юм.
Цагаан ордны гадна сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Д.Трамп Израил, Ливаны төрийн тэргүүнүүд ойрын 1-2 долоо хоногт Вашингтонд ирж, яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн тухай дурджээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр түүний хичээл зүтгэлээр өнөөдрийн байдлаар дэлхий дээр болж буй дайн байлдаануудын ес нь дуусаад байгаа ба Израил, Ливан хоёр хоорондоо энхийн гэрээ байгуулж чадвал энэ нь түүний зогсоосон 10 дахь дайн болох аж.
Ливаны Ерөнхий сайд Наваф Салам Израилтай галаа зогсоох тохиролцоонд хүрэх нь Ливаны засгийн газрын гол зорилго байсныг онцолж, АНУ, Франц, Египет, Саудын Араб, Катар болон Йордан зэрэг орнуудад хоёр улсын хооронд энхийг тогтоох ажилд хувь нэмрээ оруулсаар байгаад талархлаа илэрхийлжээ.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн зүгээс Израил улсад Ливантай энхийг тогтоох түүхэн гэрээ хийх боломж гарч ирж байгааг онцлохын зэрэгцээ израилын арми Ливаны өмнөд хэсэгт байрлах өндөржүүлсэн хамгаалалттай аюулгүйн бүсэд үлдэнэ гэдгийг мэдэгджээ








