
Монголын улс төрд аюултай нэг үзэгдэл дахин сэргэж байна. Тэр нь “Би бол төр”, “Би бол ард түмэн” гэх төөрөгдөл.
Ерөнхийлөгчийн институц өөрийн үндсэн үүргээс халин, парламентын бүрэн эрх рүү халдах өнгө аяс сүүлийн үед илт ажиглагдаж байгаа тухай улс төрчид болон УИХ-ын гишүүд хэлэх боллоо.
Өчигдөр болсон “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ий үеэр Ерөнхийлөгч үг хэлэхдээ өөрийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулиа “өмөөрч”, үг хэлсэн.
Тэрбээр “Монголын төр хүчирхэг байх ёстой. Хүчирхэг байхын тулд сахилга, хариуцлагатай байх ёстой. УИХ хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манай ард түмний сор болсон аавын хүүхэд, ээжийн охид төрийнхөө ордонд сууж, төрийнхөө үйл хэргийг хөтлөн явуулах ёстой. Түүнээс биш УИХ-д хулгайч, дээрэмчид, ажилдаа ирдэггүй хүмүүс суудаг, үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй. Ард түмэн маань ч үүнийг хүсэн хүлээж, шаардаж байгаа. Тийм учраас миний бие хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан.
УИХ-ын 126 гишүүн бүгдээрээ хулгайч, дээрэмчин биш ээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй, эрдэмтэй, номтой, чадалтай, өргөсөн тангарагтаа үнэнч маш олон байгаа. Бас парламент дотор хулгайч, дээрэмчид байна. Ёс зүйгүй хүмүүс байна.Тэр хүмүүсээсээ бид салах ёстой. Монголын парламент хүчтэй, дархлаатай, монгол төрийн босго өндөр байгаасай гэж бодож, ард түмнийхээ захиалгаар энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа. Би ухрахгүй. Төрийн тэргүүний хүч чадал ард түмнийхээ дэмжлэгт оршдог юм. Өнөөдөр Монголд хэн ч хаан болохгүй. Хэн нэгнийг би хэлмэгдүүлэх гээгүй.
Миний Ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би өөрийгөө дахиж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй. Би Ерөнхийлөгчөөр байх хугацаандаа монголын төрийг цэвэрлэж өгнө. Би ард түмнийхээ хүсэмжлэлийг хууль болгон өргөн барьсан. УИХ үнэхээр л ард түмнээс эх сурвалжтай юм бол ард түмний хүсэмжилж байгаа, гишүүдэд хариуцлага тооцдог хуулийг хэлэлцэж батлах ёстой. Эс тэгвээс ард түмнийхээ өмнөөс нулимж байгаатай яг адил. УИХ-гишүүнийг эгүүлэн татах хуулийг батлах хүртэл өргөн барьсаар байх болно. Олон арга бий. Нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. Энэ бол тоглоом биш шүү. Ард түмний хүсэмжлэл гэдэг тоглоом биш шүү. Төрийн тэргүүн гэдэг албан тушаал байдаг шүү. Үүнийг мартаж болохгүй” хэмээв.
Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Харин “ард түмэн шаардаж байна, парламент үүнийг батлах ёстой” гэж тушаах эрх нь хуульд байхгүй. Энэ бол ардчиллын зарчимд нийцэхгүй.
Парламент бол хэлэлцэж шийддэг газар. Ерөнхийлөгч бол санал гаргадаг, тэнцвэржүүлдэг институт. Үүнээс давбал эрх мэдлийн тэнцвэр нурна гэдгийг улс төр судлаачид, эрдэмтэн багш нар олон нийтийн сүлжээнд ч бичиж эхэллээ.
Өнөөдөр “ард түмэн ингэж байна” гэдэг үгээр халхавч хийж хууль шахаж, маргааш “ард түмэн Ерөнхийлөгчийн засаглал хүсэж байна” гэвэл яах вэ? Дараагийн удаа “ард түмэн энэ төслийг шууд хэрэгжүүл” гэвэл хэн зогсоох вэ? Эндээс л “ардчилал” гэдэг үг аюулд орсныг гэрчилнэ.
Парламент бол ард түмний төлөөлөл. Харин Ерөнхийлөгч бол бүх ард түмэн биш. “Би ард түмнээс сонгогдсон, харин гишүүд тойргоос” гэх логик ч ярих болсон.
УИХ-ын гишүүд бол бүх сонгогчдын шууд, чөлөөт сонголтоор бүрдсэн нийт ард түмний төлөөлөл. Тэднийг тойргоор нь хязгаарлаж ойлгох нь парламентын мөн чанарыг үгүйсгэж буй хэрэг. Харин парламентын дотоод асуудлыг “ард түмний нэр барьж” зохицуулах оролдлого нь агуулгын хувьд илүү ноцтой. Ялангуяа намын дотоод ардчиллыг сулруулах, эрх мэдлийг төвлөрүүлэх, олонхын нэрээр цөөнхийг шахах ийм хуулийн санаачилгууд нь “ард түмэн” гэх нэрийн дор парламентын дархлааг эвдэх эрсдэлтэй юм.
126 гишүүн: “олон дарга” биш, илүү олон төлөөлөл
2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй болсон нь тоо нэмсэн хэрэг биш. Энэ бол институцийн шинэчлэл байсан. Өмнө нь нэг гишүүнд ногдох сонгогч хэт олон, тойргийн ашиг сонирхол давамгай, “супер олонх” бий болж, саналын ихэнх нь төлөөлөлгүй үлддэг байсан бол шинэ тогтолцоо үүнийг задлах зорилготой байсан юм.
Тэгвэл өнөөдөр 5 нам, эвсэлтэй парламент бүрдсэн, эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэмэгдсэн, жагсаалтын гишүүд бодлогын түвшинд ажиллах боломж бүрдсэн гэдэг нь парламент илүү олон ургалч, бодлогын институц болж эхэлж байгааг харуулсан давуу талтай.
Гэхдээ парламентын асуудал тоонд буюу 126 гишүүнтэй болсонд бус УИХ-ын гишүүний тухай ойлголтод байна. Гишүүдийн тоо нэмэгдсэн ч шүүмжлэл буураагүй. Өмнө нь 76-г шүүмжилдэг байсан бол одоо 126-г шүүмжилж байна. Энэ нь тооны асуудал биш үүргийн, хүлээлтийн асуудал.
Иргэд тойргийн улс төрд дассан. “Манай гишүүн манайд юу хийв?” гэдэг асуултаас “улсын бодлогод ямар хувь нэмэр оруулав?” гэсэн ойлголт руу шилжих шаардлагатай болж байна.
Өнөөдрийн институц хоорондын маргаан бол 126 гишүүний тухай биш. Энэ бол парламентын засаглал уу, төвлөрсөн эрх мэдэл үү гэсэн сонголтын тухай маргаан юм. Харин “ард түмэн” гэх нэрийн дор институцүүдийг сулруулж эхэлбэл маргааш ардчилал биш, захирангуй дэглэмд ойртоно.
Өнөөгийн 126 гишүүнтэй парламент алдаа, оноотой ч гэсэн Монголын ардчиллыг илүү төлөөлөлтэй, илүү тэнцвэртэй болгож буйг энэ парламеннтын хугацаанд бид хангалттай харж байгаа. Хэрэв институцүүдийн зааг алдагдвал ардчилал сулрана.
126 гишүүнтэй анхны парламентын үр дүнг богино хугацаанд дүгнэх боломжгүй. Харин энэ өөрчлөлтийг зөв ойлгож, улс төрийн соёлоо төлөвшүүлэх нь илүү чухал байна. Учир нь парламент дахь улс төрийн намын бүлэг өөрийн намаас сонгогдсон гишүүнийг бодлогоороо хайрцаглах, санал өгөх, өгөхгүйг шийдэх, улс ттөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж дарамтлах, дунд нь хувааж, талцуулах, энэ нь цаашлаад Монгол төрийг засаглалын хямралд оруулах сөрөг байдлыг үүсгэх болсон.
Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлийн хуваарилалтыг хүндэтгэж, парламентын бие даасан байдлыг хамгаалж чадсан цагт Монголын ардчилал тогтвортой үлдэнэ. Үгүй бол “ард түмний нэр”-ээр халхавчилсан төвлөрсөн эрх мэдэл давамгайлах аюул бодитой хэвээр байгааг ойрын өдрүүдийн нэг хуулийн төсөл тойрсон улс төржилт тод харуулж байна.








