
Хэдхэн сарын өмнө шатахуун тасалдаж, ШТС-уудад өдөр шөнөгүй очерлох үедээ дээр дооргүй, шатахууны хараат байдлаасаа гарах шаардлагатай гэж байсан бидний нөхцөл байдал АНУ, Израйль-Иран улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн газрын тосны тээврийн гол суваг Ормузын хоолой хаагдсанаар газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн хомсдол + үнийн огцом өсөлт + эдийн засгийн дарамт гэсэн гурвалсан хямрал үүсгэлээ.
Ираны талаас Ормузын хоолойг хааснаар газрын тосны үнэ өсөж, олон орон шатахууны хомсдол, үнийн өсөлттэй нүүр тулж, энэ төрлийн бүтээгдэхүүний хараат бус байдал, газрын тос боловсруулах үйлдвэр, дотоод хэрэгцээгээ хангадаг байх нь ямар чухал болохыг та бидэнд харууллаа.
Газрын тос, байгалийн хийн салбар нь дэлхийн геополитикийн асуудалтай салшгүй холбоотой болохыг харуулж буй бөгөөд бараг 100 хувь энэ бүтээгдэхүүний нийлүүлэтийн хамааралтай манай улсын хувьд нэн яаралтай боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах хэрэгтэйг санууллаа.
Энэ бол улс төрчдийн улс төржиж болохгүй сэдэв гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас олгосон зээлээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-г байгуулж, өдгөө бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна.
Тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал, Доктор Д.Алтанцэцэгтэй үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар болон Газрын тосны салбарын талаар ярилцлаа.

Сүүлийн 100 орчим жилийн турш улс хоорондын, тэр дундаа аж үйлдвэржсэн орнуудын геополитикийн зөрчилдөөн маргааны гол сэдэл нь өнөө үеийн эрчим хүчний гол эх үүсвэр болсон газрын тосыг тойрсон ашиг сонирхол байсаар ирлээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын ихэнх нь өөрийн гэсэн газрын тосны нөөцгүй ч газрын тосны үйлдвэр, нефть-химийн үйлдвэртэй байдаг.
Сингапур гэхэд л анхныхаа аж үйлдвэрийн хөгжлийн гараагаа газрын тосны үйлдвэрээс эхэлсэн байдаг.
Өнгөрсөн зууны эхэнд буюу дотоод шаталтат хөдөлгүүр анх бий болж, нефть-химийн шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн цагаас газрын тос, байгалийн хий нь эрчим хүчний чухал эх үүсвэр, хүмүүсийн амьдралын хэрэглээний гол суурь болжээ.
Дээш, дунд, доош урсгалын “тэнцвэр”-ийг олох стратегийн мөч
Газрын тос бол өнөөдөр зөвхөн шатахуун биш. Энэ бол улс орны эдийн засгийн бие даасан байдал, геополитикийн байр суурийг тодорхойлогч стратегийн нөөц юм. Дэлхийн улс орнууд 20-р зууны эхэн үеэс эхлэн газрын тос, байгалийн хийн нөөц, нийлүүлэлтийн хяналтын төлөө өрсөлдөж ирсэн нь үүний тод жишээ.
Монгол Улс ч энэ өрсөлдөөний гадна биш.
Газрын тосны салбар
- Дээш урсгал – хайгуул, олборлолт
- Дунд урсгал – тээвэрлэлт, дамжуулах хоолой
- Доош урсгал – боловсруулах үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн гэсэн гурван үндсэн урсгалтай гэж тодорхойлдог.
Өнөөдөр Монгол Улс дунд урсгалаа (дамжуулах хоолой) шийдэж, мөн доош урсгалаа буюу газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байна. Харин дээш урсгал буюу хайгуул, олборлолтын үйл ажиллагаа сул хэвээр байна. Энэ нь салбарын хөгжлийг “тэнцвэргүй” болгож буй гол асуудал юм.
Нөөцтэй хэрнээ хараат улс
Монгол Улс газрын тосны нөөцгүй биш. Зүүнбаян, Тамсагийн сав газар зэрэг ордуудыг 1940–1950-иад онд нээж, Зүүнбаянд бүр боловсруулах жижиг үйлдвэр хүртэл ажиллаж байсан түүхтэй.
Гэвч өнөөдөр шатахууны хэрэгцээгээ бараг 100 хувь импортоор хангаж байна.
Энэ нь нийлүүлэлтийн тасалдал, үнийн савлагаа, инфляцын дарамт зэрэг эдийн засгийн эрсдэлийг дагуулж байна.

Шийдэл: Газрын тос боловсруулах үйлдвэр
Монгол Улсын хувьд хамгийн том алхам бол дотоодын боловсруулах үйлдвэр юм.
Энэхүү үйлдвэр
- Импортын хараат байдлыг бууруулна
- Дотоодын зах зээлийг тогтворжуулна
- Эдийн засгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.
Мөн нэг чухал онцлог нь үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1.75%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна.
Энэ нь Монголын хувьд стратегийн том боломж юм.

Зөвхөн үйлдвэр байх хангалтгүй
Гэхдээ боловсруулах үйлдвэр баригдсанаар бүх асуудал шийдэгдэхгүй.
Хэрвээ дотоодын олборлолт нэмэгдэхгүй бол түүхий газрын тосоо гадаадаас худалдан авах шаардлага үүснэ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад дээш урсгал (хайгуул, олборлолт)-д бодлогын том шийдвэр хэрэгтэй болоод байна. Ялангуяа зүүн бүсэд хайгуул эрчимжүүлэх, шинэ нөөц тогтоох, үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын газрын тосны нөөц нь дэлхийн том олборлогч орнуудтай харьцуулахад харьцангуй бага ч дотоодын хэрэгцээг тодорхой хэмжээнд хангах боломжтой гэж үздэг. Батлагдсан газрын тосны нөөц ойролцоогоор 300–350 сая баррель гэж үнэлэгддэг. Үүнээс гадна боломжит таамаг нөөц нь 1–2 тэрбум баррель хүрэх магадлалтай гэж судлаачид хэлдэг.
Өнөөдрийн байдлаар олборлолт хийж буй гол ордууд нь Дорнод аймгийн Тамсагийн сав газарт “Петрочайна Дачин Тамсаг”, Сүхбаатар аймгийн Матадын сав газарт “Петроматад” гэсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд байдаг.
Жилд дунджаар 4–6 сая баррель газрын тос олборлодог. 2018, 2019 оны үед Петрочайна Дачин Тамсаг компани жилдээ 1.2 сая тонн баррель газрын тос олборлодог байсан бол сүүлийн жилүүдэд багасч, 2023 онд 600 мянган тонн баррель газрын тос олборлосон нь нөөц багасч буйн илрэл бөгөөд дээр хэлсэнчлэн хайгуул, олборлолтыг яаралтай нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм.
Алтанширээ дахь газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад бүрэн орсноор дотоодын шатахууны хэрэгцээний 50–70%-ийг хангах боломжтой гэж үзэж буй. Ингэснээр импортын шатахуун болон дотоодын эрчим хүчний хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой гэж үздэг.








