
Ираны дайнаас болж дэлхийн эрчим хүчний салбар түүхий шатах ашигт малтмалаас татгалзаж, ногоон технологи, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлого баримталж байна.
Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоноос болж газрын тос, байгалийн хийн үнэ огцом нэмэгдэж, Азийн улс орнууд эрчим хүчний хямралд орж, хэмнэлтийн горимд шилжээд байгаа билээ.
Бээжин Ираны газрын тосны хамгийн том импортлогч хэдий ч Ираны дайны хамгийн том ялагч болох төлөвтэй байна. Бээжин лити батарей, нарны эрчим хүч хураагуур болон цахилгаан автомашины хамгийн том экспортлогч орон билээ.
10 гаруй жилийн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин эрчим хүчний салбараа үндэсний аюулгүй байдлын салбартай нэгтгэснээр Бээжин сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилдөө анхаарч эхэлсэн юм. Бээжин дэлхийн цахилгаан автомашины 70 гаруй хувийг, батарейн 85 хувийг дангаараа үйлдвэрлэдэг ба 2030 он хүртэл уг салбараа үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилго тавьсан билээ.
Өнгөрсөн 12-р сард Хятадын нарны хураагуур, лити батарей, цахилгаан автомашин зэрэг технологийн экспорт 22.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх мөн үеийнхээс 47 хувиар өссөн үзүүлэлт юм.
Fitch Ratings фирмийн судалгаагаар эрчим хүчний импортоос өндөр хамааралтай Европын орнуудад сэргээгдэх эрчим хүч, батарейн үйлдвэрлэл их хэмжээний хөрөнгө оруулалтыг татна гэж гарсан бол хөрөнгө оруулагчид Ираны дайн сэргээгдэх эрчим хүчний эрэлтийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Өнгөрсөн 3-р сард Хятадын лити батарей үйлдвэрлэгч CATL, цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компаниудын хувьцааны үнэ 24 ба 11 хувиар өссөн байна.
Пакистан улс эрчим хүчнийхээ 1/3-ийг импортолдог, өнгөрсөн онд тус улс 6.3 тэрбум ам.долларын шатах ашигт малтмалыг импортолжээ. Гэсэн хэдий ч Пакистан улс Хятадаас импортолсон нарны цахилгаан хураагууруудын ачаар цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
Их Британид 3-р сарын эхний гурван долоо хоногт цахилгаан автомашины лизингийн үйлчилгээний эрэлт өмнөх сарынхаас 3 дахин өсжээ.
Зүүн Өмнөд Азид дээврийн нарны эрчим хүчний хураагууруудын борлуулалт нэмэгдсэн дэлхийн нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс цахилгаан автомашины үйлдвэртэй болох, цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцүүдийг барьж байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Хятадын компаниуд Индонезийн цэвэр эрчим хүчний салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг ба хоёр улс 2023 онд эрчим салбарт хамтран ажиллах 54 тэрбум ам.долларын гэрээ, 2024 онд 10 тэрбум ам.долларын гэрээ тус тус хийжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








