
Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал, Ормузын хоолойн хөдөлгөөн зогссон зэргээс болж газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор дэлхий даяараа онгоцны тийзийн үнэ нэмэгдсэн, нислэгүүдийн сонголт цөөрсөн нөхцөл байдалтай тулаад байна.
Агаарын тээврийн компаниуд нислэгүүдийн хуваариа цөөлж, тийзийн үнэ өртөгтөө өөрчлөлт оруулж байгаа нь зөвхөн агаарын тээврийн зорчигчдод нөлөөлөөд зогсохгүй бүх төрлийн тээврийн хэрэгслээр аялагчдад хүндээр тусах нь гарцаагүй болоод байна.
Нислэгийн тийзийн үнэ нэмэгдсэнээр ажлын шугамаар онгоцоор тогтмол зорчдог иргэд эхнээсээ хэрхэн хямд төсөр байдлаар нисэх вэ гэсэн төлөвлөгөө хүртэл гаргаж эхэлжээ.
Лас Вегас дахь хөрөнгө оруулалтын банканд ажилладаг Ричард Гробергт үйлчлүүлэгч нартайгаа уулзахын тулд АНУ-ын өнцөг булан бүр лүү нисэх хэрэг гардаг аж. Тэрээр хямд нислэгийн тийз олж авахын тулд тийзийн захиалгаа аль болох эрт хийж байхаар төлөвлөжээ. Р.Гроберг, “Тийзийн үнэ энэ хэвээр байгаад байвал мэдээж би ажлын шугамаар хийх аяллууддаа илүү нухацтай хандана. Үнэхээр шаардлагатай тохиолдолд онгоцны тийзээ аль болох эрт, хямд дээр нь авахыг хичээнэ.” гэжээ.
Нэшвиллээс Лас Вегаст ирээд буй Аяанна Эванс, И Портис нар энэ онд хөлөг онгоцоор круиз аялал хийнэ гэж төлөвлөжээ. И Портисын хэлснээр онгоцны тийзийн үнэ өндөр хэвээр байх юм бол хүсэн хүлээсэн төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрэх аж.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News








