
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Төрийн өндөр албан тушаалд сууж байсан МАН-ынхан буухдаа машины дугаар хүртэл авчихдаг. 0007УНҮ гэдэг дугаар Санжийн Баярт байгаа, 0008УНҮ танай намын дарга байсан Сү.Батболдод байгаа, 0012УНҮ гэсэн дугаар Миеэгомбын Энхболдод байгаа. Ядаж Төрийн тусгайгийн машины дугаар хулгайлахаа болиоч, та нар” хэмээн Төрийн ордонд уурссан удаатай.
“УНҮ0009 дугаар зарна” гэж зар тавьсан Ерөнхий сайд асан С.Баяр “Ерөнхий сайд нар 1-р зэргийн хамгаалалтад байдаг. Тэр албанаасаа буухад 3-р зэргийн хамгаалалтад ордог. Тэрний хугацаа нь дуусахад УНҮ 0009 гэх дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан. Одоо хүртэл машин дээр маань хадаастай. Нөгөө хоёрт маань ч бас тэгж дурсгасан биз. Хулгай хийгээгүй, худалдаж аваагүй. Тэр дугаарыг буцаагаад өгч болно” гэж хариу мэдэгдсэн юм.
Бид Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас “Таныг Ерөнхий сайдын суудлаас буухад төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгслийн дугаарыг хадган дээр тавиад бэлэглэсэн үү” хэмээн тодруулахад,
Тэрбээр “Мэдэхгүй, надад тийм дугаар өгөөгүй шүү дээ” хэмээв.
Энэ хариултаас харахад АН, МАН гэж Ерөнхий сайд нарт ялгавартай ханддаг уу гэх асуулт урган гарч байна.
Энэ асуудлаар анхлан байр суурь илэрхийлсэн Ө.Шижир “МАН-ынхан 2016 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ эрх барихдаа хулгайлж болох бүх юмыг хулгайлж, бүгдийг хуу хамдаг боллоо. Тэд нарын хулгай эхлээд сая төгрөгөөр яригддаг байсан. Дараа нь тэрбумаар ярьдаг болсон. Одоо зуу, зуун сая доллароор ярьдаг болсон. МАН-ынханд мөнгөний мэдрэмж байхгүй болсон байна. Төгрөгөөр ярьж чадахаа больсон байна. Ийм хүмүүс чинь ажлаасаа буухдаа хүртэл машиныхаа дугаарыг аваад буучхаж байна гэдэг жишээ байхгүй юу. Машины дугаар хувьдаа авч буусан хүмүүс ичээд авчирч өгөх хэрэгтэй байх” хэмээн байр сууриа илэрхийллээ.








