
Эрх баригчид сүүлийн нэг жилд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр, хоёр удаа солилоо. Тэд ёстой л төр барьж тоглож байна. Д.Амарбаясгалангаар Н.Учралыг, Н.Учралаар С.Бямбацогтыг, Л.Оюун-Эрдэнээр Г.Занданшатарыг, Г.Занданшатараар Н.Учралыг гээд ёстой л МАН-ынхан хэн нь олон сандал дээр суух вэ гэдэг уралдаанд оролцож байгаа аятай л… Намынх нь хагарал хуваагдал эцэстээ тулж, Ардчилсан намынхаа хийгээд ард түмнийхээ элэг доог болов. УИХ-ын даргын томилгооноос болоод шинээр томилогдсон Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлж чадахгүй дөрөв хоног таг гацаж, баасан гарагийн шөнөөр арайхийн Засгийн газраа байгуулав. УИХ-ын даргын томилгоог дагаж өрнөх улс төрийг та бүхэнд тайлбарлая.
Нэг. Үндсэн хууль зөрчсөн заалт
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн билээ. Улмаар бүлгийнхээ хурлаар Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжиж, чуулганы хуралдаан руу С.Бямбацогтын нэрийг оруулсан. Үүнийг хэд, хэдэн гишүүн хууль зөрчиж буй үйлдэл гэж шүүмжилсэн билээ.
Тодруулан хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд ‘‘Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно’’ гэсэн заалт бий. Энэ нь УИХ-ын гишүүдээс хэн нь ч УИХ-ын даргад дэвших эрхтэй гэсэн үг. Үндсэн хууль дээрх энэ заалтаа процессын хуулиараа зөрчжээ.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд, Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авч, олонх болсон нам эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэжээ.
Процессын хуулиараа намаас УИХ-ын даргыг дэвшүүлнэ гээд, Үндсэн хуулиараа бол намын ямар гишүүн УИХ-ын дарга болох боломжтой байгаад буй юм.
Бас нэг шүүмжлэл дагуулж буй асуудал нь УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгодог болсон тухай асуудал юм. Үүний горыг амсаж, нэг жилийн дотор хоёр ч УИХ-ын дарга сольчхоод сууж байна.
Хоёр. С.Бямбацогт намгүй гишүүдийн тоог нэгээр нэмнэ
Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж, сул гишүүн болж буйгаа өнгөрсөн оны сүүлээр мэдэгдсэн. Намгүй гишүүдийн тоог С.Бямбацогт нэмэх нь тодорхой боллоо. Тэрбээр УИХ-ын дарга болохдоо намаасаа түдгэлзэх амлалт өгсөн юм. АН-ын Х.Тэмүүжин нарын 17 гишүүний санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дээрх өөрчлөлт багтсан бөгөөд түүнийг батлах амлалттайгаар тэрбээр АН-ын гишүүдийн дэмжлэгийг авсан билээ. Тэр намаасаа түдгэлзэнэ гэдэг Удирдах зөвлөлийн гишүүн биш болно гэсэн үг. Мөн МАН-ын Их хурал, Бага хурал, бүлгийн хуралд оролцох эрхгүй болно.
Тэр яагаад УИХ-ын дарга болох гэж ийн улайрсан бэ гэж үү?
Хоёр логик харагдаж байна. Эхнийх нь, Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын дарга сонгогдвол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн эгүүлэн татах хууль батлагдахгүй. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн хуулийн хамгаалж, батлуулж чадах дүрийг УИХ-ын даргын суудалд суулгаж буй.
Хоёрдугаарт, АН-ын бүлгээс өргөсөн барьсан УИХ-ын дарга нам бус байх хууль батлагдвал мэдээж Үндсэн хуульд өөрчлөлт орж таарна. Дээр дурдсанчлан Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын даргыг гишүүдийн дотроос нэр дэвшүүлнэ гэсэн агуулгыг өөрчилнө гэсэн үг. С.Бямбацогтын АН-ынхантай хийсэн тохироог далимдуулж, Ерөнхийлөгч Үндсэн хуульд гар хүрэх үү гэдэг асуулт урган гарч байна.









Хүрэлсүх чинь үндсэн хуулиа өөрчлөөд дахин сонгогдоно гээд дайрах юм биш биз дээ,улангассан байгаа шүү дээ