
Унадаг дугуй, мотоцикл болон цахилгаан дугуй унасан олон зуун Куба улсын иргэд АНУ-ын хоригийг эсэргүүцэн жагсжээ
Кубын нийслэл Хавана хотын оршин суугчдын гол унаа болоод буй унадаг дугуй, мотоцикл болон цахилгаан 3-дугуйт унасан олон зуун иргэд өнгөрсөн пүрэв гарагт Хавана хотын эрэг дагуу АНУ-ын хоригийг эсэргүүцэн жагсжээ.
Жагсагчид Куба улсын далбааг намируулж, “Кубад За, хоригт Үгүй гэж хэлье” хэмээн нэгэн дуугаар хашхирсаар Хавана дахь АНУ-ын элчин сайдын яам чиглэлтэй хөдөлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны өнгөрсөн 1-р сард тогтоосон эрчим хүчний хоригоос болж Кубын эрх баригчид шатахууныг хатуу хязгаарлалттай олгож эхэлснээр хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын тоо огцом цөөрч, унадаг дугуй, цахилгаанаар ажилладаг мотоциклуудын тоо нэмэгджээ.
Өнгөрсөн мягмар гарагт Куба улс 3 сарын дараа анх удаа газрын тос хүлээн авчээ. ОХУ Куба руу 730 мянган баррель газрын тос тусламжаар илгээсэн нь өнгөрсөн мягмар гарагт Кубад ирсэн байна.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Казань хотод болж буй Эрчим хүчний форумын үеэр Москва кубачуудыг хүнд цаг үед ганцаар орхихгүй хэмээн, удахгүй Куба руу газрын тос ачсан хоёр дахь хөлөг онгоцоо илгээнэ гэжээ. ОХУ-ын газрын тос тээвэрлэсэн Анатолий Колодкин хөлөг онгоц Кубын эрэгт хүрэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бусад улс орнууд Кубад тусламжийн бараа бүтээгдэхүүн илгээх боломжтой гэж мэдэгдсэн билээ.
Куба улс эрчим хүчнийхээ 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь импортолдог байна
ОХУ-ын илгээсэн газрын тосноос Хавана 180 мянга орчим баррель дизель түлш гаргаж авах нь Кубын өдөр тутмын хэрэгцээг 9-10 өдөр хангах аж.








