
Өнгөрсөн даваа гарагт Израилын парламент Израилын иргэдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон палестинчуудад дүүжилж цаазаар авах ял оноох тухай хуулийн төслийг баталжээ.
Израильчуудын эсрэг гэмт хэрэг үйлдсэн палестинчуудад оноох ялыг чангатгахыг хэт барууны улстөрчид сүүлийн хэдэн жилийн турш шаардсаар байсан аж.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху уг хуулийн төслийг дэмжиж буй саналаа өгөөхөөр өөрийн биеэр парламентын хуралд хүрэлцэн иржээ. Хуулийн төсөлд израильчуудын амийг хөнөөсөн Йорданы Баруун эргийн палестинчуудад дүүжилж цаазаар авах ял оноох тухай заалтаас гадна Израилын шүүхэд ялын дээд хэмжээ авах нь тодорхой Израил улсын иргэдэд цаазын ял оноох уу, бүх насаар хорих ял оноох уу гэдгийг шийдэх эрхийг олгожээ.
Израилын болон Палестины хүний эрхийн төлөөх байгууллагууд дээрх хуулийн төслийг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, хэт туйлширсан хэмээн буруушааж, уг хуулийн төсөл нь Палестины алан хядагчдын халдлагыг зогсоож чадахгүй гэдгийг онцолжээ.
Израилын парламентад уг хуулийн төсөл батлагдсан даруйд гишүүд алга ташиж, бие биедээ баяр хүргэж, Израилын Оцма Йехудит намын тэргүүн Итамар Бен-Гвир бусад гишүүдтэй хундага тулгажээ.
Йорданы Баруун эрэгт палестинчуудын зохион байгуулсан халдлагад нөхрөө алдсан хэт барууны хууль тогтоогч Лимор Сон Хар-Мелех уг хуулийн төслийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд уг хуулийн төсөл батлагдсаныг баяртайгаар зарлажээ. Парламентад уг хуулийн төсөл батлагдсан даруйд Израилын Иргэний эрхийн холбоо дээрх хуулийн төсөл нь ялгаварлан гадуурхсан шинжтэй, Йорданы Баруун эргийн палестинчуудад үйлчлэх хуулийн ямар ч үндэслэлгүй хэмээн Израилын Дээд шүүхэд уг хуулийн төслийг хүчингүй болгохыг хүссэн гомдол гаргасан байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар дүүжлэх цаазын ял 30 өдрийн дараа хууль ёсоор хүчин төгөлдөр болох аж.
Оцма Йехудит намын тэргүүн Итамар Бен-Гвир санал хураалтын өмнө хэлсэн үгэндээ уг хуулийн төсөл нь олон жилийн өмнө батлагдах ёстой байсныг онцолж, энэ нь үндэсний хүч чадал, бахархлын бэлгэ тэмдэг болно гэжээ. Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн эвслийн засгийн газарт чухал байр суурийг эзэлдэг тэрээр энгэр дээрээ өөрийн нэр хуудас болсон дүүжлүүрийн гогцоо бүхий тэмдгээ зүүсэн байжээ.







