
Цахилгаан эрчим хүчээ хэмнэх үүднээс аж ахуйн нэгжүүдийг 21 цагт хаалгаа барихыг үүрэг болгожээ
Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Египетийн засгийн газар цахилгаан эрчим хүчээ хэмнэхийн тулд улс даяар аж ахуйн нэгжүүдэд 21 цагт хаалгаа барихыг үүрэг болгожээ. Эрх баригчдын уг шийдвэр нийслэл Каир хотод үйл ажиллагаагаа явуулдаг арилжаа үйлчилгээнүүдийн байгууллагуудад хүндээр тусаж байна.
Өнгөрсөн бямба гарагт хэрэгжиж эхэлсэн уг журам нь Ойрх Дорнодын орнууд төдийгүй дэлхийн эдийн засгийг ганхуулаад буй Ираны дайны үр дагавар, нөлөөг бууруулахын тулд эрх баригчдыг санаачилсан арга хэмжээнүүдийн нэг юм. АНУ-Израилын Ираны эсрэг дайнд шууд оролцоо байхгүй ч газрын тосны үнэ өсөж, нийлүүлэлт тасалдсан зэргээс болж хамгийн их хохирол амсаж буй улс орнуудын нэг нь Египет улс юм.
2-р сарын 28-нд АНУ, Израилын зүгээс Иранд агаараас цохилт үзүүлснээр эхэлсэн уг дайнаас болж Иран газрын тосны экспортод чухал ач холбогдолтой Ормузын хоолойг хааж, Персийн булангийн орнуудын эрчим хүчний дэд бүтцүүдэд хариу цохилт үзүүлсээр байгаа билээ. Жилдээ 20 тэрбум газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг 108 сая гаруй хүн амтай Египет улсын хувьд газрын тосны үнийн өсөлт хүндээр тусаж буй нь гарцаагүй юм. Каир бензинийхээ 28 хувийг, дизель түлшнийхээ 45 хувийг импортолдог ба өнгөрсөн 1-р сараас хойш тус улсын газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний зардал хоёр дахин нэмэгдэж, 2.5 тэрбум ам.долларт хүрсэн талаар Ерөнхий сайд Мустафа Мадбули онцолжээ.
Энэ сарын эхээр Египетийн засгийн газар шатахуун болон ахуйн хийн үнийг нэмсэн бөгөөд ирэх нэг сарын хугацаанд дэлгүүр, худалдааны төвүүд, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээний байгууллагуудад өдөр бүр оройн 21 цагт хаалгаа барихыг үүрэг болгожээ. Түүнээс гадна эрчим хүчээ хэмнэх үүднээс гудамж талбайн гэрэлтүүлэг, замын хажуугийн сурталчилгааны самбарын гэрэл зэргийг шөнө оройдоо бүдгэрүүлэх, Каираас зүүн зүгт байрлах Шинэ нийслэл дэх засгийн газрын оффисуудад 18 цагт хаалга барих , 4-р сард төрийн албан хаагчдад 7 хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллахыг үүрэг болгожээ.
Египет улсын хувьд аялал жуулчлалын салбар орлогынх нь гол эх үүсвэрүүдийн нэг учир цахилгаан эрчим хүч хэмнэх журам жуулчдын ихээр очдог газруудад үйлчлэхгүй аж. Тэдгээрт Улаан тэнгисийн эрэг дээрх Hurghada, Sharm el-Sheikh, Marsa Alam амралтын газрууд, Асван, Луксор хотууд багтах аж. Цахилгаан эрчим хүч хэмнэх журмаас болж шөнийн турш ажилладаг гудамжны кафе зоогийн газрууд, эмийн сангууд гэх мэт олон зуун мянган жижиг бизнесүүд их хэмжээний хохирол амсах төлөвтэй байна.
Каир хотод хувцасны дэлгүүр ажиллуулдаг Айман Харби дэлгүүрээ 21 цагт хаах нь бизнест сөрөг нөлөөтэйг онцолж, эрх баригчдаас аж ахуйн нэгжүүдийн хаалгаа барих цагийг шөнө дунд хүртэл сунгахыг шаарджээ. Тэрээр, “Зундаа манай ажлын ид ачаалал оройн 20 цагаас эхэлдэг. Гэтэл 21 цагт хаалгаа барьснаар тэр өдөр ямар ч үр дүнгүй өнгөрнө.” хэмээн ярьжээ.








