
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч сураггүй алга болжээ.
Тодруулбал: Өвөрхангай аймгийн Уянга сумаас 2025 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан С нь 2026 оны 3-р сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байсан малын сууриас 6-8 км зайд бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлж ирэх зорилгоор албаны мотоциклоор яваад сураггүй алга болоод 72 цаг болжээ.
Эрлийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн эрлийн ажиллагаанд оролцож байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь нэг сарын дараа халагдах байсан бөгөөд алба хаах хугацаандаа ямар нэгэн сахилга болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.








