
Эдийн засагч С.Бямбахорлоо: Дэлхийд газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ өссөн байхад Монголд хямд байх боломжгүй
Ойрх Дорнодын асуудал тэр дундаа Иранд үүссэн нөхцөл байдал биднээс тэс хол, огт өөр зүйл шиг сонсогдож магадгүй. Монголчууд бидэнд дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж буй энэ асуудал магад хамаагүй мэт бодогдож ч болох…
Гэтэл тус улсад үүссэн нөхцөл байдал дэлхий нийтэд, цаашлаад Монгол Улсад ч халгаатай. Учир нь бидний цөөхөн Монголчууд газрын тосны бүтээгдэхүүний хувьд урд болон хойд хөршөөсөө онцгой хамаарал бүхий улс орны нэг билээ.
Ингээд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Эдийн засагч С.Бямбахорлоотой цөөн хором ярилцсанаа хүргэе.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд тодотгохдоо: “Дэлхийн зах зээл дээр нефть, шатахууны үнэ огцом өсөж, зарим улс оронд нийлүүлэлт тасалдах хэмжээнд хүрээд буй энэ үед манай улс ч энэ нөлөөллөөс ангид үлдэх боломжгүй болж байна. Шатахууны үнэ нэмэгдэхийн хэрээр тээвэр, үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхай гээд эдийн засгийн бүх салбарт дарамт нэмэгдэж, улмаар иргэдийн амжиргаанд хүртэл нөлөөлөх эрсдэл үүсээд байна” гэсэн юм.
-Сайн байна уу? Дэлхий нийтэд үүсээд буй газрын тосны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үүний нөлөөгөөр дизель түлшний үнэ 5000 давж өсөх нь тодорхой болоод байна. Одоогоор манайд үнэ өсөх хэлбэрээр нөлөөлж эхэлж байгаа ч цаашдаа бүр тасалдах хэмжээнд хүрч болзошгүй байна. Зүүн өмнөд Азийн орнуудад нийлүүлэлт аль хэдийн тасалдаж эхэлсэн бөгөөд агаарын тээврийн компаниуд хүртэл нислэгээ цуцалж эхэлсэн зэрэг олон асуудал үүсээд байна.
-Таны хувьд өртөг, нэмэгдсэн үнийн судалгаан дээр ажилладаг эдийн засагч хүний хувьд ямар тооцооллыг гаргасан бэ?
-Тооцооллоор нефтийн бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөхөд тээврийн зардал ойролцоогоор таван хувиар нэмэгдэнэ. Энэ нь тухайн байгууллагын түлш, шатахууны зардал нэмэгдэж байна гэсэн үг. Гэхдээ өртгийн бүтцийг авч үзвэл тээврийн зардал нь байгууллага бүрт 15-20 орчим хувь байдаг тул салбар бүрт нөлөөлөл харилцан адилгүй, ерөнхийдөө 3-5 хувийн өсөлт үзүүлдэг.
Харин газар тариалан, уул уурхайн салбарт дизель түлшний үнэ өсөх нь илүү хүчтэй нөлөөлж, өртөгт ойролцоогоор найман хувийн өсөлт авчирна. Хэрэв үнэ 10 орчим хувиар нэмэгдвэл энэ нөлөө улам гүнзгийрнэ. Ялангуяа газар тариалан, уул уурхай, барилгын салбарууд ид ажил эхэлж буй энэ үед дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй.
-Одоо манай улсад үнэ өсөж байна. Цаашдаа ямар сорилт тулгарах бол?
-Нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой бөгөөд зарим улс оронд үнэ хоёр дахин нэмэгдэж, заримд нь бүр тасалдсан нөхцөл байдал үүсээд байна. Манайд дизель түлш 5000 давж өсөх нь тодорхой болсон бөгөөд бусад бүтээгдэхүүний үнэ ч дагаад нэмэгдэх хандлагатай. Гэсэн ч Монгол Улстай хийсэн тодорхой хэмжээний тогтвортой нийлүүлэлтийн гэрээний хүрээнд нийлүүлэлт тодорхой хэмжээнд хадгалагдах боломж бий.
Мөн энэ нөхцөл байдал аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна. Зарим улс орнууд нислэгээ цуцалж эхэлсэн, БНСУ ч нэлээд хүнд байдалд орж байгаа нь аялал жуулчлалын урсгалыг бууруулах эрсдэлтэй. Үүний улмаас олон захиалга цуцлагдаж, салбар бүхэлдээ хүндрэлд орох төлөвтэй байна. Ийнхүү дам нөлөөгөөр эдийн засгийн бүх салбарт нөлөөлөл үзүүлж эхэлж байна.
Хэдийгээр манай улсын хэрэглээ бага ч дэлхийн зах зээл дээр үнэ өсөж буй үед нийлүүлэгч орнууд “танайд нийлүүлэх үү, үгүй юу” гэсэн байр суурь барих хандлагатай болж байна. Тэд тогтвортой гэрээний дагуу нийлүүлэхээс илүү өндөр үнээр бусад зах зээлд зарах сонирхолтой болж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Тиймээс бид нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд байна.
-Тэгэхээр энэ сорилтыг зөвхөн Монгол улс ч даван туулж байгаа бус дэлхийн ихэнх улс орон үүнтэй нүүр тулж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Тэгэхээр бид ч бас энэ асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандах учиртай. Шатахуун импортолдог ААН, компаниуд дур мэдэн үнэ ханшаа нэмээд байгаа бус дэлхийн экспортолдог улс орнууд хомсдолоос шалтгаалан нэмсэн өртгөөр худалдаалж байна. Иймээс цаанаас нэмэгдсэн өртгөөр газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа гэсэн үг л дээ.
Үүнийг бид бодит байдалтайгаа эвлэрч, тайвнаар хүлээж авахаас өөр гарц, гаргалгаа байхгүй. Цаашид энэ хамаарлыг бууруулахын тулд дотооддоо нефть боловсруулах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Ингэснээр бид өөрсдөө нефтийн бүтээгдэхүүн боловсруулдаг болж, гадаад хамаарлаа бууруулах боломжтой. Мөн БНХАУ-тай хийсэн гэрээний хүрээнд түүхий эд нийлүүлж, бензин авах хэлбэрийн хамтын ажиллагаа байгаа ч Хятадын цаашдын бодлого ямар байх нь тодорхойгүй хэвээр байна.
М.Солонго








