
Цэргийн Хөгжмийн Политехникийн коллежийн Хөгжмийн урлагийн тэнхимийн ахлах багш, Хошууч Б.Бат-Өлзий:
Би хүүхдүүддээ хөгжмийн эрдэм төдийгүй хүн болох ухааныг ч давхар заах гэж хичээдэг
Хүн нийгмийн амьтан. Бид орчин тойрноосоо, суралцаж буй сургуулиасаа, ажиллаж байгаа байгууллагаасаа ер тэгээд нийгмээсээ эрч хүч, эерэг зүйлсүүдийг мэдэрдэг. Тиймээс та, би бид бүгдээрээ энэ л нийгмийн нэгэн эд эс. Харин нийгмээ сайн сайхан, эерэг, эрүүл байлгахын тулд хүн бүрийн сэтгэлийн оролцоо, хүнлэг чанар чухал.
Тэгвэл бид нийгмээ хэрхэн эерэгээр бүтээх вэ? Ер байгаа газраа л эерэгийг, зөв хандлага, харилцааг түгээж амьдарцгаая. Гагцхүү ажил албаа эрхэлж буй салбар салбартаа эерэг манлайлагч нь болж байя. Иймдээ ч энэ нийгмийн хар бараан зүйлсээс илүүтэй гоё сайхан, гэрэл гэгээтэй, өнгө будагтай олон олон үйл явдлууд ердөө бидний яг хажууханд тасралтгүй өрнөж байдаг.
Ингээд гэгээлэг орчныг алхам бүртээ тарьж, суулгаж, ургуулж яваа хөгжмийн урлагийн тод түүчээ нэгэн сургуулийг бид зорилоо. Энэ бол ҮБХИС-ийн Цэргийн Хөгжмийн Политехникийн коллеж юм.
Тус коллежийн Хөгжмийн урлагийн тэнхимийн ахлах багш, Хошууч Б.Бат-Өлзийтэй утас цохож, ярилцаж тохирсноор “Хөрөг” нэвтрүүлгийн зураг авалтын яг товлосон цагтаа бид очив. Сургуулийн үүдийг нээгээд орох тэр л мөчид олон хөгжмийн зэмсгээр тоглож буй чихнээ чимэгтэй хөг аялгуутай, дуу хөгжим, урлагаар амьсгалсан орчин угтлаа. Урин хаврын ирж яваа цагийг хэлэх үү, за даа ер тэгээд хүмүүний ертөнцийг дуу, хөгжим, урлаг үгүйгээр огтоос төсөөлшгүй ээ…
Энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлгээрээ уншигч, үзэгч та бүхнийг хөгжмийн тэр дотроо урлагийн ертөнцөөр хэсэгхэн хугацаанд ч болов аялуулна гэдэгт итгэл дүүрэн байна.
ҮБХИС-ийн Цэргийн Хөгжмийн Политехникийн коллежийн Хөгжмийн урлагийн тэнхимийн ахлах багш, Хошууч Б.Бат-Өлзий болон энэхүү сургуулийн суралцагч, сонсогч нарын төлөөлөлтэй уулзуулъя.

Хөгжмийн урлагийн тэнхимийн ахлах багш, Хошууч Б.Бат-Өлзий: Техникийн болон хөгжмийн боловсролыг хамтатган олгож, хос мэргэжлээр төгсдөг нь манай сургуулийн онцлог, давуу тал


-Сайн байна уу? Анх энэ урлагийн тэр дундаа хөгжмийн сургуультай хэрхэн холбогдов?
-Сайн. Сайн байна уу. Би анх өөрөө энэ сургуульдаа 2004 онд элсэн суралцаад, 2008 онд төгсөөд л, эргээд Зэвсэгт хүчний дугаар ангид ажиллаж байлаа. Ингээд дахин 2009-2013 онуудад хөгжмийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр дахин суралцаад Зэвсэгт хүчний дугаар ангиудад ажиллаж байсан. Харин 2023 оноос төрөлх сургуульдаа багшаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа.
-Танай сургуулийн онцлог нь хос мэргэжилтэй болгож төгсгөдөг нь сонирхол татлаа?
-Манай сургууль нь техникийн боловсролтой болон бакалаврын боловсролтой “Хөгжимчин”, үлээвэр найрал хөгжмийн “Удирдаач, соёл хүмүүжлийн ажилтан, мөн дуу хөгжмийн багш мэргэжилтнийг бэлтгэдэг. ҮБИХС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг 35 жилийн түүхтэй.
-Таны эрхэлдэг ажил алба маш онцлогтой юм байна. Спортоор бол баг. Харин урлагаар бол хамт олон буюу “Оркестр”. Тэгэхээр энэ ч утгаараа нэгдмэл нэг хүн шиг тайзны тоглолтоо хийхээр жигдрүүлэх бэлтгэл сайтар базаадаг байх?
-Миний хувьд багшаар томилогдон төрөлх сургуульдаа ирж ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг. 2023 оноос сургуульдаа найрал хөгжмийн багш, удирдаачаар томилогдон ирснээс хойш ажиллаж байгаа.
Найрал хөгжмийн бүрэлдэхүүнд удирдаачийн мэдэлд сургуулилт хийгдэнэ. Тухайн суралцагч бүрэн гүйцэт төгс болно гэж байхгүй. Жишээ нь 1 суралцагчид 4 жилийн хугацааг наад тал нь зарцуулдаг. Нөр их хөдөлмөр ордог л доо.
Бэлтгэл сургуулилт үргэлж явагдаж байдаг. Хөгжимчин бүхний өдөр бүрийн хичээл чармайлт, хамтын хүчээр “Найрал хөгжим” бүрэлддэг юм.
Дотоод бүтэц зохион байгуулалт
Найрал хөгжим нь:
- Модон үлээвэр хөгжмийн хэсэг
- Гуулин үлээвэр хөгжмийн хэсэг
- Цохиур үлээвэр хөгжмийн хэсэг
Утсан үлээвэр хөгжмийн хэсэг бол байхгүй. Ингээд 3 хэсэг болдог доо.


-Ажил мэргэжил бүхэн сайхаан. Тэр дотроо урлагаар хүнийг хүмүүжүүлдэг. Иймээс олон аав, ээжийн хөвгүүдийг хүн болгож төлөвшүүлэхээс гадна хөгжмийн мэдлэг, чадварыг нь илүү өндөр түвшинд хөгжүүлэх нь амар ажил болов уу?
-Миний ажил, мэргэжил үнэхээр сайхан. Өглөө ажилдаа ирэхээс аваад л, шавь нар маань:
Өглөөний мэнд багш аа, Сайхан амарсан уу? Хэмээх гоё мэндчилгээгээр угтуулдаг.
Заримдаа хүүхдүүд маань аав аа гэж дуудна, тоглоно, хааяа хочоор минь дуудна.(инээв) Тоглоом, шоглоом хийнэ, нэгнээ цаашлуулна. Өглөөнөөс орой болтол хамт байна, найрал хөгжмийн хичээл орно, бусад төрлийн болон мэргэжлийн хичээлүүд ороход хүртэл илэн далангүй байдаг. Яг л нэг гэр бүлийн хүмүүс шиг бие биендээ хүндэтгэлтэй хандаж, маш сайхан байцгаадаг. Манай сургууль ч бас баг хамт олон маань ч тэр бүгд яг л ийм гоё эерэг уур амьсгалтай, нэг “Гэр бүл” мэт, атгасан гар шиг тийм л хүмүүс байдаг даа.
Урлагаар хүнийг хүмүүжүүлнэ гэдэг нь маш гоё том систем. Урлагаар хүмүүжсэн хүн маш зөв хүн болдог.


-Таны тэр дундаа урлагийн сургуулийн багшийн бахархал юу вэ?
-Төгсгөсөн шавь нараа хараад маш их бахархах сэтгэл төрдөг. Төрийн ёслолын болон аливаа арга хэмжээний үеэр тайзан дээр шавь нар маань хөгжимдөөд сууж байгааг харахаар өөрийн эрхгүй огшоод л явчихдаг даа.
Манай сургуулийн төгсгөсөн шавь шүү дээ, миний бэлтгэсэн хүүхэд шүү дээ хэмээн бодож, аз жаргал мэдэрдэг.
-Танай сургуулийн оркестрын хүүхдүүд улсын болон Олон улсын уралдаанд өндөр амжилттай оролцдог гэж сонссон. Тэгэхээр ямар ая, аялгууг хөгжимддөг вэ?
-Уралдаанд бол зөвхөн энэ хөгжимд зориулсан концерт, үүний нот, сонат энэний хэлбэрийн бүтээлүүдийг тоглодог. Хөгжимд зориулан алдартай хөгжмийн зохиолчид концерт бүтээл туурвисан байдаг. Тэрийг төгөлдөр хуур хөгжимтэй хамтатган тоглодог.


Харин Төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээн дээр тоглогдох зохиолууд гэж байна. Зөвхөн үлээвэр, найрал хөгжим дээр гэж тодотгож хэлмээр байна.
Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайн “9 хөлт цагаан туг”-ийн хөгжим, цэргийн ёслолын арга хэмжээнд цэцэг өргөх хөгжим, Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх ёслолын хөгжим зэрэг тэдгээрт зориулсан бүтээлүүд бол байна. Олон улсын болон улсад зохион байгуулдаг хөгжмийн урлагийн фестиваль, уралдаануудад манай сургуулийн хүүхдүүд маш дээгүүр амжилттай оролцдог.


Өнгөрсөн жил болсон Монголын үлээвэр хөгжимчдийн улсын уралдаанд манай сургуулиас гран при шагналтан, 1, 2, 3-р байр мөн тусгай байруудад шалгарсан. Мөн 2025 ондоо ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон хөгжмийн уралдаанд манай сурагчдаас 27 хүүхэд оролцож, 23 хүүхэд шагналт байрт, 4 багш Гран при, 5 сурагч Гран при, “Шилдэг концертмейстер шагналыг тус тус хүртээд ирсэн.
-Таны ажлын хамгийн гоё эхлэл нь юу вэ?
-Өглөө ажил руугаа ирээд л, найрал хөгжимтэйгээ ажиллаад, дуусгаад:
“Номхон, бос” гэдэг команд маш гоё эрч хүч өгдөг. Ингээд хүүхдүүдтэйгээ мэндлээд, за одоо ийм зохиол хийнэ, хоолойн ийм гам уншина. Нөгөө найрал хөгжмөө эхлэх гээд л гараа дохих мэдрэмж энэ бол маш сайхан эрч хүчийг өгч, ажил хөдөлмөрийн бүтээмжийг хөглөж байдаг даа.
Ингээд ярилцлагынхаа төгсгөлд ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн политехникийн коллежийн үе үеийн удирдаач багш нар, эрхэм сурган хүмүүжүүлэгч, сургуулийн захиргаа удирдлага хамт олон болон үе үеийн төгсөгч, сонсогч, мөн шавь нартаа түүхт сургуулийнхаа үүсгэн байгуулагдсан 35 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Ярилцсанд баярлалаа.


Дэд ахлагч Г.Тэргэл: багш нар маань “Цэргийн сүр жагсаалдаа, жагсаалын сүр хөгжимдөө” хэмээн ярьдаг даа.
-Сайн байцгаана уу? Намайг Ганхуяг овогтой Тэргэл гэдэг. Би Цэргийн хөгжмийн Политехникийн коллежид суралцаад 4 жил болж байна. 19 настай. Энэ жил сургуулиа төгсөнө дөө.
Яагаад энэ сургуулийг сонгож суралцах болов гэхээр манай аав, аавын талынхан бүгд л урлагийн мэргэжилтэй хүмүүс бий. Гэхдээ манай гэр бүлд цэргийн хүн байхгүй. Иймээс миний хувьд аавын талаас урлагаа өвлөж авч байгаа ч анхдагч цэргийн хүн болж, суралцаж буйдаа баяртай яваа.
Хоёр мэргэжлээр хослуулан суралцахын тулд энэ сургуулийг сонгож суралцаж байна. Энэ сургуульдаа орж ирээд, зөндөө их зүйлийг сурсан. Манай сургуулийн давуу тал нь цэрэгжилттэй учраас цэргийн алба хааснаар төгсөнө. Хөгжмөө ч давхар сурдаг.
Хөгжим тоглоно гэдэг нь өөрөөсөө доторх сэтгэлгээгээ гаргаад, дотоод мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлэн сайн тоглох нь үнэхээр сайхан учраас үүнийг гоёор мэдэрдэг.


Дэд ахлагч Х.Санчир: Гадны улс оронд Монгол Улсынхаа Төрийн дууллыг тоглоод зогсож байх тэр мөч үнэхээр л огшмоор сайхан мөч
-Сайн байцгаана уу? Намайг Дэд ахлагч Х.Санчир гэдэг. Би Цэргийн хөгжмийн Политехникийн коллежийн урлагийн тэнхимийн Удирдаачийн 1 дүгээр ангийн сонсогч, Дэд ахлагч цолтой.
Бага наснаасаа авхуулаад урлагт их сонирхолтой хүүхэд байсан. Манай аав өөрөө цэргийн хүн. Аавынхаа удмыг залгуусан цэргийн хүн болно гэдэг хүсэл, мөрөөдлөө биелүүлж яваадаа баяртай байгаа. Энэ сургууль маань урлаг, цэрэг хоёрыг хослуулснаар надад их сонирхолтой санагдаж, анх сонгож орсон доо. Анх л хөгжимчин мэргэжлээр суралцаж байх хугацаандаа Цэргийн хөгжмийн удирдаач болоё гэсэн хүсэл, тэмүүллээ дагаж зорилгоо биелүүлэн явж байна.
Удирдаач багш нарыгаа, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээч үлээвэр найрал хөгжмийн удирдаач нараас маш их мотивац авч, суралцсаар байгаа. Энэ хүн шиг сайн удирдаач болохсон, энэ хүн шиг чадварлаг уран бүтээлч болох юмсан гэж боддог байсан.
Удирдаач болоход өөрийн хүсэл, мөрөөдөл, удирдаач багш, ах нар маш их нөлөөлсөн дөө. Мэргэжлийн маань хамгийн гоё, сайхан нь Төрийн болон Цэргийн ёслолд Хүндэт харуулын улаан хувцсыг өмсөөд оролцох нэр төрийн хэрэг.
Ярилцсанд баярлалаа.


Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ
“Хөрөг” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








