
Усны газрын дарга З.Батбаяраас Туулын хурдны замын бүтээн байгуулалт ба эко системд хэрхэн нөлөөлөх талаар тодрууллаа.
Тэрбээр “Манайхаас дүгнэлт гараагүй байгаа. Хамгийн сүүлийн зургаа аваад ирвэл манайхаас дүгнэлт гаргаад өгнө. Миний хувьд энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Туулын хурдны замыг хойд талынх нь үерийн даланг дагуулаад баривал Туул гол үерээс хамгаалалтай болоод тун сайхан юм болох юм. Харамсалтай нь 34 км замын 11 км голын татам руу орж ирчхээд байна. Хэрвээ тэгвэл голын татам дээр хэдэн багана байх юм, тэр баганын гүн нь хэд байх юм, багануудаа хэрхэн яаж өрөмдөх юм, өрөмдсөний дараа бетонон сууриа ямар технологиор хийх юм. Энэ нь Туул голд, хоёрдугаарт Туул голын сэвсгэр хурдасны доод байдаг үндсэн чулуулаг руу орох юм уу үгүй юм уу. Тэр сэвсгэр хурдаст нөлөөлснөөс болоод Туул голын эрэг дагуу байгаа худгуудад нөлөөлөх үү, үгүй юу. Хөрсний усны түвшинд яаж нөлөөлөх вэ гээд асуултын тэмдгүүд байгаа учраас бид эдгээр асуултдаа хариулт авахын тулд зураг төсөл шаардаад байна. Харамсалтай нь хамгийн сүүлийн зураг төсөл манайд ирээгүй байна. Бүтээн байгуулалтын зураг нь ирсний дараа асуудал байвал тэр гүүрэн байгууламжуудын дизайнуудыг нь өөрчлөх, гүнийг нь өөрчлөх, эсвэл байрлалыг нь өөрчлөх боломж байна уу гэх мэтээр дараагийн асуудлууд яригдах юм. Тэгэхээр хоёр тал болоод, манай танай гэж байлдах биш бүгдээрээ л Улаанбаатараа хөгжүүлэхийн төлөө, Туул голоо сайхан байлгахын төлөө л явж байгаа гэж ойлгоорой” гэв.






