
Францын Социалист намаас нэр дэвшигч Эммануэль Грегуар орон нутгийн сонгуулийн 2-р шатанд ялалт байгуулж, Францын нийслэл Парис хотын шинэ даргаар сонгогджээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө болж байгаагаараа онцлогтой бөгөөд сонгуулийн үр дүнгээс харахад иргэд барууны болон зүүний нэр дэвшигчдийг илүү ихээр дэмжиж буй нь ажиглагджээ. Гадаад дотоодын жуулчдын дунд алдартай Францын далайн эргийн амралт зугаалгын гол хот болох Ниццад хэт барууны Үндэсний фронт намаас нэр дэвшигч Эрик Чиотти ялалт байгуулсан байна.
Түүнээс гадна орон нутгийн сонгуулийн үр дүн Францын улс төрд эрх мэдлийн тэнцвэрт байдал ямар түвшинд байгааг харуулав.
Эммануэль Грегуарын гол өрсөлдөгч “Бүгд найрамдахчууд” намаас нэр дэвшигч Рашида Дати сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрсөн бол Э.Грегуар, “Өнөөдөр Парис хотыг амьд, эрч хүчтэй, шинэлэг дэвшилтэт хот болгох алсын хараа ялалт байгууллаа.” хэмээн мэдэгджээ.
Парис хотын одоогийн дарга Анн Идальго нь мөн л Социалист намын гишүүн бөгөөд тэрээр анх 2014 онд орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Парис хотын даргаар томилогдож, 2020 онд дахин сонгогдсон юм.
Францад орон нутгийн сонгууль 6 жилд нэг удаа болдог ба өнгөрсөн 7 хоногт орон нутгийн сонгуулийн эхний шатанд нийт 35 000 тосгод, жижиг болон том хотуудын 93 орчим хувь нь даргаа сонгожээ.
Мэдээллийн албан ёсны түнш AP News






