
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өглөө.
Тэрбээр энэ үеэрээ “Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Бодь группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан. Тиймээс би энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулна” гэж хэлсэн. Олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр АТГ-т ирлээ. 894 хуудас материалыг дөрвөн бүлэг болгон АТГ-т өгч байна. Тухайлбал, нэгдүгээр бүлэгт оффтейк гэрээ, хоёрдугаар бүлэгт нүүрсний сонсгол, гуравдугаар бүлэгт Б.Энхбаярт холбогдох авлигын хэрэг, гэрч материал, дөрөвдүгээр бүлэгт Б.Энхбаяртай холбоотой бусад холбогдох баримт байна.
2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр улсын валютын нөөц 2.7 тэрбум болсон. Яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг тухайн өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Нүүрс зарагдаад байгаа нь гаалийн мэдээн дээр байгаа мөртлөө валют орж ирэхгүй байна. Асуудал юунд байна гээд явсан. Шалтгаан юу байсан гэхээр Эрдэнэс тавантолгой дээрээс ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь Бодь группийн оффтейк гэрээтэй холбоотой нүүрс байсан. Нэг үгээр хэлбэл, урьдчилаад зарчихсан нүүрс л хилээр гараад байсан байгаа юм.
Мөн тендергүйгээр, ҮАБЗ-өөр нууц гэрээ хийсэн асуудлаар нь түр хороо байгуулъя гээд УИХ-ын гишүүн Г.Ганболд тэрхүү түр хороог ахалсан. Г.Ганболд сүүлдээ зугтаагаад олдохоо больсон. Ингээд миний бие Б.Энхбаярыг энэ түр хороог ахлах нь зүйтэй гэж үзсэн. Нүүрсний сонсгол 9 өдрийн турш үргэлжилсэн. Би ажиглаад л байсан. Б.Энхбаяр хоолойгоо шахаад Бодь групп дээр сүртэй, сүртэй юм яриад байгаа хэр нь ээ, өнөөдрийн баримттай холбоотой нэг ч зүйлийг яриагүй. Энэ бол Б.Энхбаяр сонсголын дунд ямар их өөрчлөгдсөнийг нотолж байгаа юм. Тэр цагаас хойш бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Миний хувьд түүнд итгэхээ больсон.
Өнөөдөр юмсын учир тайлагдаж байна. Б.Энхбаяр нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай, хоёр хүний хамтаар уулзаж, 500 мянган ам.долларыг нэг удаа, дахин нэг удаа 800 мянган ам.долларыг, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг гэрчүүд надад холбогдох баримттай хэлсэн. Би гэрчүүдийнх нь нэр болон мэдээлэлтэй АТГ-т өгч байгаа юм.
Дээрээс нь Б.Энхбаяр Бодь групптэй өмнө нь ч холбоотой байсан нь баримтаар гарч ирсэн.
“Бодь Интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ 600 сая ам.доллар байж байгаад 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдаад, 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, Тавантолгой төмөр замаас Бодь интернэшнлийн данс руу валют арилжаа гэдэг гүйлгээ хийгдэж, шилжсэн байгаа юм. Энэ мөнгийг оройд нь бэлнээр гаргаж аваад, хүүхдийн парк дээр, саунд, зочид буудлуудад, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад энэхүү гэрээг байгуулахад оролцсон улс төрчдөд хувааж, тараасан. Үүнээс Т.Аюурсайхан сая доллар авсан. Бодь группийн оффтейк гэрээний дагуу гарсан нүүрсний тонн тутмаас тодорхой мөнгөн дүн тохирч, энэ схемээр үргэлжлүүлсэн байгаа юм. “Зөвхөн Бодь группийн нүүрсийг гарга. Бусад нүүрсийг хоёрдугаарт тавь” гэсэн ийм шахалтууд валютын нөөцөд нөөлсөн гэсэн үг. Үүнийг АТГ шударгаар шалгана гэдэгт итгэлтэй байгаа.
Мөн Р.Болд гэдэг хүнээс хуучин нисдэг тэргийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй нөхөдтэй Б.Энхбаяр тохиролцож, шинээр баримт бүрдүүлээд, худалдаж авсан.
Бас цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэж хүн рүү шилжүүлсэн. Б.Нямжав уяач, Я.Содбаатарын найз. Ингээд 5 орчим тэрбум төгрөгийг аваад, тараасан байгаа юм.
Энэ нүүрсний их мөнгө хаачсан бэ гэдэг чухаг. Энэ их мөнгө орон сууц болсон байгаа юм. Арцатын аманд баригдаж байгаа нөлөө бүхий улстөрчдийн эзэмшиж байгаа хувь эзэмшил дунд Б.Энхбаяр байна. Мөн Ланд 300 маркийн авто машиныг авч, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэхгүй, одоо хүртэл унаад явж байгаа асуудлууд байна. Ийм асуудлуудыг нэгтгээд АТГ-т өгч байна” хэмээв.






