
Хаврын чуулганы нээлт дээр хилийн хоригтой, ордонд ойрын хэдэн сар үзэгдэж харагдаагүй ховор дүрүүдтэй, Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр хоёр өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгч, Б.Бат-Амгалан, Х.Нямбаатар нарын хэрүүл үргэлжилсэн долоо хоног өнгөрлөө. Ахмадууд нь төрийн ордны гадаах жагсаал цагдаа нартай нүүр тулж, төрийн албан хаагчид нь өрөөндөө архидан согтуурч, албан өрөөгөө нойл болгоод л…Дээрээ суудлаа олоогүй монголын төр муухай харагдаж байна.
Г.Занданшатарын Засгийн газарт хариуцлага тооцно хэмээж байсан АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг суудлаасаа буутал чуулгандаа оролцохгүй болж, бодлоо өөрчилжээ. Н.Учралыг МАН-ын дарга болсных нь дараа УИХ-ын дарга болоход нь АН-ын 19 гишүүн дэмжиж кноп дарчхаад, чухам одоо юуны учир ийм улс төр хийв. Үүнд АН-ын дарга О.Цогтгэрэл дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Ямарваа нэгэн хуулийн гацаах чиг зорилго АН-д байхгүй. Ирцээ бүрдүүлээд явах нь ард түмнээс 68 суудал авсан МАН-ын үүрэг. Парламентын үйл ажиллагааг хэвийн явуулна гэж олонхын суудал авсан. Чадахгүй бол ард түмэндээ хэлэх хэрэгтэй. Тэд ирцээ бүрдүүлж, чуулганаа хуралдуулж чадахгүй байгаа нь “засаглах чадваргүй болжээ” гэдгээ ард түмэндээ илэрхийлж буй хэрэг гэж бодож байна.
УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэдэг хуулийн төслийг АН-ын бүлгээс өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг бид нар шаардсан. Н.Учрал дарга “УИХ-ын хэвийн үйл ажиллагааг явуулахад та бүхэн дэмжлэг үзүүлээч. Би танай хуулийн төслийг хэлэлцүүлье” гэсэн. Гэтэл бидний өргөн барьсан хуулийн төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалалд алга. АН-ын бүлгээс өргөн барьсан хууль, ойлголцол хаана байна. Бид зарчим дээрээ хэвээрээ байгаа шүү гэдгээ л ийн илэрхийлж байгаа юм” хэмээв.
Эрх баригч нам юуны учир тэдний хуулийг гацаав. Ийм логикууд байна. УИХ-ын дарга хэвээр байх хүсэл Н.Учралд бий ч Ерөнхийлөгч болох хүсэлдээ “шатсан” Г.Занданшарт түүнд ажлаа өгөөд явна. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буугаад намын дарга болох амбиц тээж яваа. Тэр намын дарга болж, намынхаа дүрэм ёсоор Ерөнхий сайд болох биз. Харин энэ үед Н.Учрал юу ч үгүй хоцорч мэднэ. Учир нь Г.Занданшатар Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ж.Энхбаяр, С.Бямбацогт хоёрын нэг нь УИХ-ын дарга гээд төрийн гурван өндөрлөгийн суудал У.Хүрэлсүхийнх болно.
Амралтын өдрүүдэд “АН-ынхан улс төр биш, ажлаа хий” хэмээн сошиалд АН-ыхан дүүжлүүлж байгаа харагдана. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж мэдэх тус намыг муухай харагдуулах, нэр дэвших хүнийг нь хууль, шүүхийн өмнө дуудаж, хугацаа хожих хүсэл угаас МАН-д бий. Энэ долоо хоногт чухам чуулган хуралдаж чадах эсэх нь ч бас эргэлзээтэй. Намын удирдлагууд уулзаж, тохиролцож чадах эсэхээс л хамаарна даа.






