
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн бямба гарагт Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол АНУ Ираны эрчим хүчний станцуудыг газрын хөрснөөс арчина гэж анхааруулсны хариуд Ираны зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Золфагхари хариуд нь Иран бүс нутгийн эрчим хүчний станцууд болон далайн усыг давсгүйжүүлэх төвүүдэд цохилт үзүүлэх болно хэмээн анхааруулжээ.
Тэрээр, “АНУ-ын баазууд байрлах улс орнуудын эрчим хүчний станцууд хууль ёсны бай гэж тооцогдох болно. Баруун Ази дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүх объектуудыг бүрэн устгах өргөн хүрээний давшилтад бид бэлэн. Бид дайныг эхлүүлээгүй, одоо ч эхлүүлэхгүй. Гэхдээ дайсны тал манай эрчим хүчний станцуудад хохирол учруулбал бид эх орон, ард иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно. Энэ нь дээр дурдсан объектуудад тасралтгүй цохилт үзүүлнэ гэсэн үг юм. Хэн ч бидний АНУ болон түүний түнш орнуудын эрчим хүч, газрын тос, аж үйлдвэрийн дэд бүтцүүдийн эсрэг явуулах ажиллагаанд саад болж чадахгүй” гэжээ.
Түүнээс гадна Тегеран Израилын эрчим хүчний станцууд, мэдээллийн технологийн дэд бүтцүүд, бүс нутаг дахь Америкчуудын хувь эзэмшдэг бүх компаниудад цохилт үзүүлнэ хэмээн анхааруулжээ.
Мэдээллийн албан ёсны түнш AP News






