
1993 оноос хойш жил бүрийн 3-р сарын 22-нд дэлхий нийтээрээ Дэлхийн Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.
Дэлхийн Усны өдөр тохиож байгаатай холбоотойгоор Бразилын Рио де Жанейро мужид сайн дурынхан CleanUp Bay буюу далайн болон голын эргүүдийг цэвэрлэх аянд оролцохоор алдарт Гуанабара буланд цуглажээ.

Цэвэрлэгээ Рио де Жанейро, Нитерое, Сан Гонсалу, Тангуа болон Маге зэрэг Рио де Жанейро мужийн хотуудын наран шарлагын газрууд, голын эргүүдээр хийгдсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Бразилын далайн эргийн экосистем ойр орчмын хотуудын хог хаягдалд хамгийн ихээр бохирдож буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
“Uçá” төслийн зохицуулагч Жанаина Оливейра, “Нэг цаг орчим хог хаягдал түүлээ гээд юмс өөрчлөгдөхгүй гэж зарим нь үздэг. Гэтэл тэр нэг цагийн хугацаанд бидний хажуугаар хүмүүс тэр дундаа бидний ирээдүй болсон хүүхдүүд өнгөрч, хийж буй ажлыг маань харж, ямар ч байсан нэг юм бодох болно.” гэжээ.


“Uçá” төсөл нь мангро моддыг сэргээх, байгаль орчны боловсрол олгох, Рио де Жанейро мужийн эргийн бүсэд орон нутгийнхантай хамтарч шинжлэх ухааны мониторинг явуулах зэрэг ажлыг хийдэг аж.
Дэлхийн Усны өдрийн цэвэрлэгээнд сайн дураар нэгдсэн, далайн экологич биологич Натали Феррет, “Хог хаягдлын асуудалд анхаарахгүй байгаа нь бид өөрсдөдөө анхаарахгүй байгаатай адил.” хэмээн ярьжээ.
Дэлхийн Усны өдрийг цэвэр усны хүртээмж болон хангамж тэгш бус байгаа асуудалд олны анхаарлыг хандуулах зорилготойгоор тэмдэглэж эхэлжээ.
НҮБ-ын судалгаагаар 4 хүн тутмын 1 нь буюу дэлхийн 2 тэрбум хүн өдөр тутамдаа цэвэр ус хэрэглэж чадахгүй байгаа ба жилд 1.4 сая хүн бохир усаар дамждаг өвчин эмгэгүүдийн улмаас нас бардаг байна.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News










