
Мэдээллийн neguun.mn сайтын сэтгүүлч, сурвалжилгын багийг өчигдрийн 16:00 цагийн орчим албан ажлаа гүйцэтгэж явах үед Эрүүгийн цагдаагийн ажилтан гэх хүмүүс хүч хэрэглэн авч явсан гэх мэдээлэл өчигдөр оройноос эхлэн цахим орчинд цацагдаад байгаа юм.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр “Иргэн миний хувийн эмзэг мэдээллийг тараана хэмээн 50 сая төгрөг авсан гэж гомдол гаргасан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. 2023.09 сар-д тус мөнгийг авсан юм билээ. Улмаар энэ оны хоёр сард өөр сайтын сэтгүүлч тухайн бичлэгийг тарааж, мөнгө нэхсэн нөхцөл байдал гарсан тул иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Үүнээс гадна тухайн сайтын сэтгүүлч иргэн Ж-ээс хувийн эмзэг мэдээллийг нь цахим сүлжээнд байршуулна хэмээн бэлнээр 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон.
Иргэдээс удаа дараалан бусдын эд хөрөнгийг авсан хэрэгт холбогдуулан шалгаж, тухайн сайтын оффист шалгалт хийсэн. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. ЭЦА-ны эл мөрдөн шалгах ажиллагаа өрөөндөө бие засаж байгаа албан тушаалтантай холбоогүй болохыг хариуцлагатайгаар хэлье. Тухайн өдөр сэтгүүлч Цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүлжүүлэх болон холбоотой арга хэмжээг авсан. Мөн бидэнд ирсэн мэдээллээр тухайн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна” хэмээсэн юм.
Харин Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргал “Гурван жил хууль хяналтынхны хонгилоор чирэгдлээ.Одоо би дахиад шинэ хонгилоор чирэгдэх гэж байна. Мөрийтэй тоглоомчид, биеэ үнэлэгч нараа цагдаагийнхан барьж хорьж чадсан уу. Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг бэлнээр авсан гэж гүтгэж байна. Нотлох баримтаа гаргаад ирээсэй гэж хүсэж байна.
Яагаад ажлын байран дээрээ архидан согтуурсан, бие зассан албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийг дамжуулсны дараа бид Эрүүгийн цагдаагийн албанд байцаагдаж, мөрдөгдөх болов. Тэр шууд дамжуулалтыг үзээрэй. Тэр албан хаагч манай сэтгүүлчид “Чамд эрүү үүсгэнэ. Цагдаагийн байгууллагад шалгуулж, хориулна” гэж хэлсэн. Шүлс нь ч хатаагүй байхад бид мөрдөгдөж, шалгагдаж, бүх техник төхөөрөмжөө цагдаагийнханд хураалгачихсан байгаа. Энэ шударга үйлдэл үү” гэв.






