
Итали улсын Кубад илгээсэн 5 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл өнгөрсөн мягмар гарагийн орой Кубын нийслэл Хавана хотын нисэх онгоцны буудалд буужээ.
АНУ-ын хоригийн улмаас эрчим хүч, эдийн засгийн гүн хямралд ороод буй Кубын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа тасалдахад хүрээд байгаа юм.
Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелийн мэдээлснээр Куб улс газрын тос импортлоогүй 3 сар болж байгаа ба үүнээс болж тус улсын эрүүл мэндийн салбар олон арван мянган хүний мэс заслыг хойшлуулахад хүрчээ.
Хаванад буусан хүмүүнлэгийн тусламж дотор Европын 50 байгууллагаас илгээсэн эм, эмнэлгийн хэрэгслээс гадна цахилгаан үүсгүүр, нарны эрчим хүч гаргаж авахад шаардлагатай техник зэрэг багтсан ба уг хүмүүнлэгийн тусламжийг Европын коммунист намуудын гишүүд, нийгмийн идэвхтнүүд, Европын парламентын 4 гишүүн Хаванад гардуулж өгчээ.
Түүнчлэн ирэх баасан гарагт Хаванад иргэний эрхийн төлөө тэмцэгч зуу гаруй иргэд болон энх тайвны төлөөх CodePink байгууллагаас илгээсэн эм, эмнэлгийн хэрэгслүүд бүхий хүмүүнлэгийн тусламж буух аж.
Мөн Испанийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг Испанийн Улаан Загалмай нийгэмлэгтэй хийсэн гэрээнийхээ дагуу Куб улс руу хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, нарны эрчим хүч хураагуур зэргийг илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Албан ёсны эх сурвалж: AP News






