
Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, дээрэлхэж буй бичлэг цахим сүлжээнд тархаж олны анхаарлыг татсан.
Уг хэрэгтэй холбоотойгоор Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн газрын дарга Г.Гантуяатай ярилцсан бөгөөд тэрбээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ найз шиг харьцах, дотно байх нь аливаа эрсдэлээс хүүхдээ сэргийлэх хамгийн зөв алхам гэж байлаа.
Тухайн бичлэгтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хэрхэн хянах, хязгаарлах вэ гэсэн асуулттай үлээд байгаа билээ. Иймд эцэг эхчүүдэд хамгийн энгийн аргуудыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн газрын дарга Г.Гантуяагийн хэлснээр өсвөр насанд байдал маш нухацтай, хэцүү болж эхэлдэг байна. Энэ үед хүүхдүүд үе тэнгийн хүүхэдтэйгээ танилцаж байна гэж бодоод насанд хүрэгчидтэй танилцах, улмаар илүү гүнзгий нууцаа ярих, хувийн мэдээллээ өгөх хэмжээнд хүрэхүйц харилцаа үүсгэх тохиолдол байдаг аж.
Ийнхүү хувийн мэдээллээ өгсний дараа тухайн мэдээлэлдээ барьцаалагдаж, улмаар бэлгийн мөлжлөг, хүний наймаа зэрэг томоохон эрсдэлд өртөх магадлалтай байдаг.
Мөн кибер дээрэлхэлт буюу цахим үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, цаашлаад амиа хорлох хүртэл эрсдэлд хүргэх боломжтой гэв.
Түүнчлэн хувийн мэдээллээ алдсанаар нийгмийн сүлжээгээр тархах эрсдэлүүд 13 наснаас эхэлдэг байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн цагийг хянах буюу дэлгэцтэй өнгөрүүлж байгаа хугацааг нь хянах, аппликэйшн татаж авахыг зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх боломжтой. Ингэснээр тухайн хүүхэд хэдээс хэдэн цагийн хооронд ямар аппликэйшн хэрэглэж байгаа талаарх ерөнхий мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ.
Цахим дээрэлхэлт ихэвчлэн 22 цагаас хойш явагддаг гэж олон улсын судалгаанд дурдсан байдаг. Тиймээс таны хүүхэд шөнө хэтэрхий их утсаа хэрэглэж байгаа эсэхийг ч хянах боломжтой юм.
Аппликэйшний түвшинд “Гүүгл Фамили Линк” /Google Family Link/ гэх аппликэйшн дээр бүх түвшинд хязгаарлалтууд хийх боломжтой үүнээс гадна олон төрлийн хязгаарлалтын аппликэйшн байдаг.
Үүгээр дамжуулан хүүхдийнхээ ямар аппликэйшн дээр, ямар хүнтэй харьцаж байгаа, танихгүй хүнтэй харьцахгүй байх зэрэг түвшинд хүртэл хязгаарлах технологийн боломжууд бий.
Мөн платформууд дээр тохиргоо хийж аккаунтыг түгжих, танихгүй хүний найзын хүсэлтийг авахгүй байх зэрэг хамгаалалтыг идэвхжүүлэх шаардлагатай.
Гэсэн хэдий ч эцэг эхчүүд юм л бол утсыг нь хураах, “чи өдөрт хэчнээн цаг утас үздэг билээ” гэж загнах зэргийг урьтал болгодог. Харин хаах, хорих, утсыг нь хураах, загнах зэрэг шууд үгүйсгэсэн арга хэмжээ авахаасаа өмнө урьдчилан сэргийлэх хамгийн сайн, үр дүнтэй арга бол хүүхэдтэйгээ дотно байх, найзлах явдал юм.
Хэрэв эцэг эхчүүд гар утсанд нь тухайн тохиргоог идэвхжүүлэх гэж байгаа бол хүүхэдтэйгээ хамт сууж, “ийм ийм зүйл байдаг, үүнээс чамайг урьдчилан сэргийлэхийн тулд энэ тохиргоог хийж байна, ингэснээр чиний ийм мэдээллийг би харах боломжтой болно” гэдгийг тайлбарлан, хамтдаа тохиргоог идэвхжүүлэх нь зүйтэй гэлээ.
М.Солонго






