
Их Британийн парламентын Нийтийн танхим Их Британийн улс төрд олон зуун жилийн өмнөөс тогтсон уламжлалыг халах тухай хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төслийн дагуу парламентын дээд танхим болох Лордуудын танхимын гишүүний мандатыг залгамжилдаг явдал үгүй болж байгаа аж.
Ингэснээр Лордуудын танхимд суугаа олон арван гүнгүүд, виконтууд үе залгамжлан авсан Лордуудын танхимын мандат болон сурвалжит хэргэм зэргээ алдах аж.
Их Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн Ник Томас-Саймондс дээрх хуулийн төсөл нь үеэ өнгөрөөсөн, ардчилсан бус зарчмыг үгүй хийж байгааг онцлон, “Манай парламент авьяас чадварыг хүлээн зөвшөөрдөг, ач гавьяаг үнэлдэг газар байх ёстой. Танил тал, олон зуун жилийн өмнө өгсөн хэргэм зэрэг нь ард түмний эрх мэдэл, эрх чөлөөнөөс дээгүүр байх ёсгүй.” гэжээ.
Лордуудын танхим нь Нийтийн танхимын баталсан хуулийн төслүүдийг хянан шалгах замаар Их Британийн парламентын ардчилалд чухал үүрэг гүйцэтгэдэг ч шүүмжлэгчид үүнийг хэтэрхий их ажиллагаатай бөгөөд ардчилсан бус үйл явц гэж үзсээр байгаа юм.
Өнөөдөр Лордуудын танхим нь 800 гаруй гишүүдтэй бөгөөд Хятадын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын араас дэлхийн хамгийн том хууль тогтоох байгууллагуудын хоёрт бичигдэж байна.
700 жилийн түүхэндээ Лордуудын танхим нь голчлон язгууртан эрчүүдээс бүрдэж байсан бол 1950-иад онд тус танхимд засгийн газраас тусгайлан томилсон улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд нэгдсэнээр өнөөдөр тус танхимын гишүүдийн олонхыг бүрдүүлж байна.
1999 онд тухайн үед Их Британийн Ерөнхий сайд байсан Тони Блэр лордуудын танхимын суудлыг үе залгамжлан авсан гишүүдийн дийлэнхийнх нь мандатыг хурааж авсан ба нийтийн танхимын баталсан хуулийн төслийн дагуу 1999 онд Лордуудын танхимд үлдэж чадсан 92 гишүүн мандатаа хураалгах аж.
Албан ёсны эх сурвалж: AP News






