
Москва дахь Цэргийн шүүх 2024 оны 3-р сарын 22-нд Красногорск хотын “Крокус Сити Холл” концертын их танхимд алан хядах ажиллагаа үйлдэж, 149 хүний аминд хүрч, 600 гаруй хүнийг шархдуулсан хэргээр 19 хүнд ял оноожээ.
Шүүхээс уг хэрэгт холбогдсон 19 хүний 15-д нь бүх насаар хорих ял, нэгд нь 22.5 жилийн хорих ял, гуравт нь тус бүр 19 жил 11 сарын хорих ял оноож, 500 мянгаас 2.7 сая рублийн торгууль ноогдуулжээ.
Бүх насаар хорих ял авсан хэрэгтнүүд ялынхаа тодорхой хугацааг шоронд, үлдсэн хугацааг тусгай дэглэмтэй хорих ангид эдлэх аж.
ОХУ-ын хуулиар алан хядах ажиллагаатай холбоотой хэргүүдийг цэргийн шүүхээр, хаалттай хэлэлцдэг ба “Крокус Сити Холл”-д болсон алан хядах ажиллагаатай холбоотой шүүх хурал 2025 оны 8-р сард эхэлсэн аж.
Тус алан хядах ажиллагааг Исламын улс алан хядах бүлэглэлийн жигүүр зохион байгуулсан болохоо мэдэгдсэнийг үл харгалзан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон албаны хүмүүс ямар ч баримт нотолгоогүйгээр дээрх алан хядах ажиллагааны ард Украин улс байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Оросын Мөрдөн шалгах алба “Крокус Сити Холл”-д болсон алан хядах ажиллагааг Украины одоогийн удирдлагуудын ашиг сонирхолд нийцсэн байдлаар зохион байгуулж, гүйцэтгэсэн нь ОХУ-ын улс төрийн тогтвортой байдлыг ганхуулах зорилготой байсан гэж мэдэгдэхээс гадна үзэгчид рүү гал нээж, концертын танхимыг шатаахыг оролдсон Тажикистан улсын 4 иргэн Украин руу зугтахыг оролдсон гэдгийг онцолсон юм.
Тэдгээр 4 сэжигтнүүдээс гадна цагдаа нар алан хядах ажиллагааг гүйцэтгэсэн этгээдүүдэд автомашин зарсан нэг хүнийг, байр түрээслүүлсэн нэг хүнийг, уг хэрэгтэй холбоотой нь тогтоогдсон 10 хүнийг тус тус баривчилсан юм.
Албан ёсны эх сурвалж: AP News






