
Ирэх ням гарагт Оскарын шагнал гардуулах ёслол болно
Энэ сарын 15-нд Лос Анжелес хотын Dolby Theatre-д Америкийн Кино Академийн 98 дахь удаагийн шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар оройны 19:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөгч Конан О’Брайан хоёр дахь жилээ дараалан хөтлөх юм.
Шагнал гардуулах ёслолын үеэр Шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны “Golden”, “Sinners” уран сайхны киноны “I Lied to You” зэрэг дуунууд амьдаар эгшиглэх аж. Өнгөрсөн онд Шилдэг эрэгтэй ба эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн Эдриэн Броуди, Майки Мэдисон, Шилдэг эрэгтэй болон эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагнал авсан Киран Калкин, Зоуи Салдана нараас гадна жүжигчин Гвинет Пэлтроу, Роберт Дауни Жүниор, Крис Эванс, Хавьер Бардем, Майя Рудольф, Чейз Инфинити, Деми Мур, Кумаил Нанжани, Энн Хэтэуэй, Уилл Арнетт, Приянка Чопра Жонас, Пал Мескал нар шагнал гардуулахаар тайзнаа гарах аж.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Америкт төдийгүй олон улсад алдартай жүжигчид болох Роберт Редфорд, Дайан Китон, Роб Райнер, Кэтрин О’Хара, Роберт Дювалл, Вэл Килмер, Малколм Жамао Уорнер, Жеймс Ван Дер Бек, Клаудиа Кардинал зэрэг уран бүтээлчид өөд болсон билээ. Үүнтэй холбоотойгоор шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчид өөд болсон уран бүтээлчдийн дурсгалыг хүндэтгэх хэсэгт онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн жилийнхтэй адил шагнал гардуулах ёслолыг Hulu стриминг үйлчилгээ, ABC сувгийн сайт болон аппликейшнээр шууд үзэх боломжтой юм. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын Шилдэг уран сайхны кино, Шилдэг найруулагчийн төрөлд Пол Томас Андерсоны “One Battle After Another” болон Райан Куглерын “Sinners” уран сайхны кинонуудын хооронд хүчтэй өрсөлдөөн явагдах төлөвтэй байна.
“Sinners” уран сайхны кино нийт 16 төрөлд нэр дэвшсэнээр Оскарын түүхэнд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кино болж өмнөх рекордын эзэд болох 14 төрөлд нэр дэвшиж байсан “Titanic”, “All About Eve”, “La La Land” кинонуудыг ардаа орхиод байгаа билээ.
Associated Press агентлагийн кино зохиолчид болох Жейк Койл, Линдси Бар нар “One Battle After Another” кино гол шагналуудыг түүнэ гэж таамаглаж байна.






