
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.19) хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Хөгжлийн урт болон дунд, богино хугацааны баримт бичгийн ач холбогдол, үр өгөөжийн талаар тодруулахад улс орны хөгжлийн бодлогыг бодитой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын үүднээс өнгөрсөн 30 жилийн хөгжлийн төлөвлөлтгүй, улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн эрсдэлт нөхцөлөөс сургамж авч Үндсэн хуульдаа “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…” гэдэг нэмэлтийг оруулж, үүний мөрөөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг баталдаг болсныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тайлбарлав. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтөд ямар зорилт, арга хэмжээ тусгагдсан болохыг гишүүд асууж байсан. Төрийн өмчит компаниудын бүтээмж, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, ил тод болгох чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөсөн болохыг С.Бямбацогт сайд хэлээд “Төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөж 9 хувьтай байгааг 14 хувьд хүргэхээр, орон нутгийн өмчит 350 компаний хөрөнгийн өгөөжийг тооцдоггүй байгааг тооцдог болгох гэх зэргээр тусгасан байгаа” хэмээн хариулсан. Үүний сацуу энэ оны эхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Нийтийн өмчийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар холбогдох олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.

Үргэлжлүүлэн гишүүд өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнгээс авсан сургамж, төслийн тооцооллын талаар тодруулаад төсөл дэх зарим зорилт, арга хэмжээг хүний эрхийг хангах, хамгаалах зарчмын хүрээнд авч үзэхэд анхаарал хандуулахуйц байгааг хэлж байсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах олон улсын сайн туршлагыг дурдаад төсөл дэх энэ төрлийн зорилт, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар, хууль зүйн туслалцаатай холбоотой зорилт арга хэмжээний талаар тодруулж, ажлын хэсгээс холбогдох хариултыг авсан.
Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.






