
В.Путин, Д.Трамп хоёр Ойрх Дорнод, Украины асуудлаар утсаар ярилцжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцсан талаар В.Путины туслах Юрий Ушаков РБК сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр, “Яриа ажил хэргийн шинж чанартай, нээлттэй бөгөөд үр дүнтэй болсон.
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн өмнөх яриануудын л адил өнгөрсөн. Ерөнхийлөгч В.Путин, Д.Трамп хоёр хоорондоо утсаар яриагүй удсан, хамгийн сүүлд 2025 оны 12-р сард ярилцсан юм байна.” гэжээ. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн яриа ойролцоогоор 1 цаг үргэлжилсэн бөгөөд утсаар ярилцах хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гаргажээ.
Ю.Ушаковын хэлснээр В.Путин, Д.Трамп хоёр Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал, ОХУ-Украины дайныг дуусгах яриа хэлэлцээний явц зэргийн талаар ярилцсан байна. В.Путин АНУ болон Ерөнхийлөгч Д.Трампын ОХУ-Украины дайныг дуусгахын төлөө гаргаж буй хичээл зүтгэлийг үнэлж буйгаа илэрхийлэн, Ирантай хийж буй дайныг улс төрийн болон дипломат замаар богино хугацаанд дуусгах тухайд санал бодлоо хуваалцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд ОХУ-Украины дайны тухайд талууд ойрын хугацаанд галаа зогсоож, урт хугацааны зөвшилцөлд хүрээсэй гэж хүсэж байгааг Ю.Ушаков онцолжээ.
Түүнээс гадна The Bell сайтад хоёр орны төрийн тэргүүнүүд газрын тосны үнийг тогтворжуулах талаар ярилцсан байх өндөр магадлалтай тухай бичсэн байна. Энэ сарын 5-нд АНУ-ын Сангийн яам Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ОХУ-аас 30 хоногийн турш газрын тос худалдан авахыг зөвшөөрсөн байна.
Сангийн сайд Скотт Бессент Вашингтон Оросын газрын тосонд тавьсан хориг хязгаарлалтуудаа энэ мэтчилэн үргэлжлүүлэн цуцалж болзошгүй талаар онцолжээ.






