
Репперээс улстөрч болсон Балендра Шах Непалын Ерөнхий сайд болох төлөвтэй байна
Өнгөрсөн оны намар болсон Gen Z хувьсгалын үеэр залуусын дунд нэр алдартай болсон Балендра Шахын “Растрия Сватантра” нам өнгөрсөн долоо хоногт болсон парламентын сонгуульд ялалт байгуулснаар репперээс улстөрч болсон Балендра Шах Непалын дараагийн Ерөнхий сайдаар томилогдох төлөвтэй байна.
Гурван жилийн өмнө байгуулагдсан “Растрия Сватантра” нам олон арван жилийн дараа Непалын парламентад дангаараа олонхын суудал авч чадсан анхны нам болж байна. Энэ удаагийн сонгуулиар олон жилийн турш эрх барьсан намууд болон тэдгээрийн удирдагчид суудлаа алдсан нь олон нийт тэр дундаа залуусын уур бухимдал хязгаартаа хүрснийг илтгэж байгааг олон улсын шинжээчид онцолж байна.
35 настай инженер мэргэжилтэй Балендра Шах ядуурал, авлига хээл хахууль, ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн реп дуунуудаараа нэр алдарт хүрчээ. Тэрбээр 2022 онд Катманду хотын даргын сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулснаар улс төрийн карьераа эхлүүлжээ. Өнгөрсөн оны 9-р сард Непалд болсон залуусын эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний үр дүнд Ерөнхий сайд Шарма Олигийн засаг унаснаар Gen Z хөдөлгөөнийхөн Балендра Шахыг түр Ерөнхий сайдаар томилохыг хүссэн ч Б.Шах тухайн үед татгалзсан юм.
Непалын Сонгуулийн Ерөнхий хорооноос сертификатаа гардаж авахаар ирэхдээ Б.Шах машиныхаа дээврийн цонхоор “Бүгдэд нь баяр хүргэе, энэ бол та бүхний ялалт.” гэж бичсэн лоозон барьсаар гарч иржээ. Непалын залуус Б.Шахд өндөр хүлээлт тавиад байна. Б.Шахын хувьд сонгуулийн кампанит ажлаараа өмнөх эрх мэдэлтнүүдийн авлига хээл хахуулийн хэргүүд, Ш.Олигийн засгийн газрын Gen Z жагсаал цуглааны үеэр жагсагчдын эсрэг хүч ашиглан, жагсагчдын аминд хүрсэн явдлыг шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно хэмээн амласан байна.






