
Дэлхий даяар гуравдугаар сарын наймны энэ өдрийг нийгэмд тэгш эрхтэй байх, аливаа төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх, сурч боловсрох гэх мэт жам ёсны эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх агуулгатай өдөр юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол, Хятад, Хойд Солонгос, ОХУ, Серби зэрэг 40 орчим оронд тэмдэглэж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 1857 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн.
1857 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Нью Иорк хотод нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчид цалингийн нэмэгдэл, ажиллах нөхцөл байдлын талаар жагсаал цуглаан зохион байгуулжээ. Энэхүү жагсаал цуглаан болж өнгөрсний дараа хагас зуун жилийн дараа Социал демократ эмэгтэйчүүдийн байгууллага Нью Иорк хотод эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагссан байдаг.
Тэд ажлын цагийг багасгаж, цалин хөлсийг эрчүүдийн авдаг цалинтай адилтган тооцох мөн хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож, эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлыг шаардан жагсаж, үгээ хэлж тэмцэж байлаа.
Энэ үйл явдлаас хойш нэг жилийн дараа гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн үндэсний өдөр” болгон зарлаж, 1910 онд Коленгаген хотод чуулсан олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгох санал гаргасан байна. Ийнхүү 1911 оноос эхлэн Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
1975 онд НҮБ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг гуравдугаар сарын 8-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсад хэзээнээс “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бэ?
1955 оны Ардын их хурлын зургаадугаар сарын 8-ны хуралдаанаас “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн 137-р зарлиг гарч энэ мөчөөс хойш Монголчууд эмэгтэйчүүдийн баярыг албан ёсоор тэмдэглэж иржээ.






