
Индонезийн Харилцаа холбоо, Цахим технологийн сайд Метья Хафид Индонез улс 16-аас доош насны хүүхдүүдэд YouTube, TikTok, Facebook, Instagram, Threads, X, Bigo Live, Roblox зэрэг цахим платформуудыг хэрэглэхийг хориглох тухай засгийн газрын тогтоолд гарын үсгээ зурснаа мэдэгджээ.
Уг тогтоол нь энэ сарын 28-наас хэрэгжиж эхлэх ба дээрх бүх платформууд нь Индонезийн засгийн газраас тавьсан шаардлагуудыг биелүүлэх хүртэл үргэлжлэх аж.
Ингэснээр Индонез улс хүүхдүүдийн нийгмийн сүлжээ хэрэглээг хязгаарласан Зүүн Өмнөд Азийн анхны орон болж байгаа юм.
Харилцаа холбоо, Цахим технологийн сайд Метья Хафидын мэдэгдсэнээр хүүхдүүд нийгмийн сүлжээнд +18 контент, цахим дээрэлхэл, цахим луйвар болон донтолт зэрэгт өртсөөр байгаа ба үүний эсрэг тэмцэлд Индонезийн засгийн газар эцэг эхчүүдтэй нэгдэж байна гэжээ.
Жакарта хотын оршин суугчид засгийн газрын уг шийдвэрийг таатай хүлээн авч байгаагаас гадна засгийн газар цахим мөрийтэй тоглоомын болон +18 контент агуулсан сайтуудыг ч мөн хаах ёстой гэж үзэж байгаа аж.
Энэ долоо хоногийн эхээр Индонезийн Харилцаа холбоо, Цахим технологийн яам Meta компанийн Facebook, Instagram, WhatsApp платформууд хор хөнөөлтэй контентуудыг зохицуулах тал дээр хангалтгүй байна гэсэн үндэслэлээр Жакарта дахь Meta компанийн байранд гэнэтийн шалгалт хийжээ.
Өнгөрсөн оны 12-р сард Австрали улс насанд хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон ба үүний дагуу нийгмийн сүлжээний платформууд Австралийн 4.7 сая орчим аккаунтыг хаажээ.
Түүнээс гадна Испани, Франц, Их Британи зэрэг орнууд мөн л хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах асуудлыг хөндөж, хэлэлцэх түвшиндээ явж байгаа юм.
Эх сурвалж: AP News






